Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийж байна.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, авто замын чанар, насжилтын талаар ярилцаж байна. Мөн энэ салбар дахь авлига, тулгамдаж буй асуудлуудаар оролцогчдын мэдээллийг сонсож, асуудлыг шийдэх арга зам, гарц гаргалгааг хэлэлцэж байгаа аж.
"Эн Би Си Си" компанийн ерөнхий инженер С.Ганхуяг, Би авто замын зөвлөлийн гишүүн. Манай зөвлөл энэ онд байгуулагдсан, 11 гишүүнтэй, авто замын орлого, зарцуулалтад хяналт тавьдаг байгууллага. Авто замын 23 сан Монгол Улсад байдаг, 8 эх үүсвэрээс орлогоо бүрдүүлдэг. Өнөөдөр зөвхөн төлбөр хураах цэгийн үйлчилгээний орлого л ил, бусдынх нь далд байдаг. Авто замын засвар, арчлалтад жил бүр 110 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч улсын төсвөөс талыг нь баталж өгдөг. Замын сангийн орлогыг ил тод болгочихвол энэ 110 тэрбум төгрөгийг бүрэн олох боломжтой гэв.
Мөн "Хөвчийн зам" компанийн захирал Ч.Алтанзаяа, Зам ашигласны хураамж манай улсад хамгийн бага. Дэлхийн хаана ч 1000-2000 төгрөгөөр зам ашиглахгүй. Төлбөр бага учраас арчлалт муу байна. Дараагийн асуудал газар чөлөөлүүлэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Хүн бүр амандаа орсон тоо хэлнэ, тохиролцож чадахгүйгээс ажил удааширна. Үүнийг нэг стандартад оруулж өгөх хэрэгтэй байна гэлээ.