УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Сангийн яаманд очиж ажиллалаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэх бодлогын хүрээнд батлагдсан хууль, тогтоомжуудын агуулга, үзэл санааг сурталчлан таниулах зорилгоор батлагдсан хуулийг хүлээлгэн өгөх жишиг тогтоож байна. Саяхан Боловсролын багц хуулийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсон. Төсвийн тухай хуулийн шинэчлэл 08 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж байна. Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн ил тод байх, хариуцлагатай, тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байна" гэв.
Түүнчлэн "Төсвийн төлөвлөлтөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад үндэслэл болгон ашигладаг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг зөвхөн Засгийн газар дангаар бус УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулдаг байхаар хуульд тусгасан. Төсвийн төлөвлөлтийг буруу тооцоолж, төсвийг баталж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөн зарцуулсан бол уг албан тушаалтанд хариуцлага тооцох нөхцөлийг хуульд тусгасанаар сахилга хариуцлагыг чангатгаж өгсөн юм. Төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор баталсан нэг чухал өөрчлөлт нь төсвийн тусгай шаардлагыг өөрчлөх, түдгэлзүүлэхтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргах бол Улсын Их Хурлын гишүүдийн хувьд өвчтэй, чөлөөтэй, гадаад, дотоод томилолттойгоос бусад тохиолдолд нийт гишүүдийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэдэг байхаар хуульд тусган баталсан. Ингэснээр төсвийн хариуцлагатай, тогтвортой, төсвийг үр ашигтай төлөвлөдөг байх нөхцөл бүрдэх юм. Мөн төсвийн цаглаварт өөрчлөлт орсон. Засгийн газраас төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө төсвийг олон нийтэд заавал хэлэлцүүлэхээр хуульчилсан. Улмаар хуулийн төслийг есдүгээр сарын 1-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх заалттай болж байна. Энэ өөрчлөлт ирэх оноос хэрэгжиж эхлэх юм. Ингэсээр УИХ-ын хяналт шалгалт, хууль батлах, төсвийн төслийг хянахад мэргэжил арга зүй, цаг хугацааны хувьд томоохон дэмжлэг болж байна" хэмээн тодотголоо.