Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцээд, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг дараагийн даргаар томилох шийдвэр гаргасан гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээллээ.
Түүнчлэн ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний нөхцөл байдалтай уялдан үүсээд буй түгжрэлийг арилгах, агаарын бохирдолыг бууруулах, түүнийг дагасан өвлийн галлагаатай холбоотой нүүрсний зохистой хэрэглээг нэвтрүүлэх зэрэг асуудал дээр дорвитой ажлуудыг хийх үүрэг чиглэлийг өгсөн байна. Нөгөөтэйгүүр хот төлөвлөлт, газар зохион байгуулалт зэрэг нийт иргэдийн бухимдлыг төрүүлсэн асуудлууд дээр шинэчлэл хийх, өмнө нь гарч байсан алдаа дутагдлуудыг арилгах, цаашид алдаа дутагдал гаргахгүй байхыг үүрэгдсэн аж.
Энэхүү томилгоотой холбогдуулж Х.Нямбаатар нь УИХ-ын болон Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Өнөөдөр хуралдах МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хотын даргын асуудлыг мөнхүү хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын орны хүний асуудлыг хэлэлцэнэ гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдэв.