БНХАУ-ын Үндэсний Зах зээлийн хяналт, удирдлагын ерөнхий газартай хамтран Стандарт, Хэмжил зүйн газрын боловсон хүчнийг сургах, дадлагажуулахаар санал тохиоролцлоо.
Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шадар сайдын зүгээс Стандартчилал, хэмжил зүйн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, техникийн бааз суурийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ.
Үүний хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр болон бусад албаны төлөөллүүд БНХАУ-ын Үндэсний Зах зээлийн хяналт, удирдлагын ерөнхий газрын дэд дарга, Үндэсний Стандартчиллын удирдлагын хорооны дарга Тянь Шы Хун болон тус газрын бусад албаныхантай уулзаж, хоёр улсын Стандартын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
Хоёр улсын Стандартын байгууллагын удирдлагууд өнгөрсөн сард болсон "Хятад-Монголын IV Экспо 2023"-ын үеэр Хөх хотноо уулзалт зохион байгуулан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон.
Үүний хүрээнд салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх чиглэлээр хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинэчлэл, багаж, тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, сорилт туршилт, шинжилгээний лабораторийг шинэчлэн бэхжүүлэх талаар Монгол-Хятадын хамтарсан төсөл боловсруулах талаар саналаа нэгтгэн, харилцан тохиролцов.
Энэ үеэр БНХАУ-ын Хяналт шалгалт, хорио цээрийн академийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан юм.
Тус академи нь нийт 1200 гаруй ажилтантай бөгөөд үүний 50 хувь нь судалгаа шинжилгээний мэргэжилтнүүд байдаг тухай тус академийн дэд ерөнхийлөгч Чэнь Ин танилцуулсан юм.