Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх шинэ мэдээ баримтыг судалгааны эргэлтэд оруулах, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар хойч үеийнхэнд таниулахзорилгоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохиож байгуулж байна. Хуралд Герман, ОХУ, Япон болон Шинжлэх ухаан академи, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн судлаачид, хамтын ажиллагаатай ажилладаг Конрад-Аденауэрийн сан, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай Архив, Улсын Дээд Шүүх, Прокурорын Ерөнхий газар зэрэг байгууллагаас илтгэгчид оролцож байгаа юм.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан, Улстөрийн хэлмэгдэгсэдийн холбооны дарга Д.Цогтбаатар нар бага хурлыг нээж үг хэлэв.
Хэлмэгдэн амь насаа алдсан, хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн хэлмэгдэгсэдийн ар гэрийнхнээс Монголын төр уучлал гуйж, хэлмэгдэгсэдийг хуулийн дагуу цагаатгаж, бага ч гэсэн нөхөх олговор олгодог болсон. Цаашид энэ чиглэлээр судалгаа, шинжилгээг сайжруулж, энэ аймшигт үйл явц болсоныг мартахгүй сануулж, туршлага сургамж болгох учиртайг Комиссын дарга Я.Санжмятав илэрхийллээ.
Мөн судлаачид хэлмэгдүүлэлтийн талаар судалгааны илтгэлүүдээ танилцуулж байна. Тухайлбал Японы Шизүока их сургуулийн профессор Акира Оно тухайн үеийн ар, өвөр Монголд болсон хэлмэгдүүлэлтийг судалсан байна. Тухайн үед Ар Монголд коминтерний заавраар хүмүүсийг хэлмэгдүүлж байсан бол Өвөрмонголд бол айл бүрээс нэг нэг хүн хэлмэгдэн хороогдож байсан. Өвөрмонголд 364 мянган хүн буудуулсан. Энэ нь хоёр том хөршийн дунд байдаг Ар, Өвөр Монгол үндэстэн нэгдэн нийлж нэг том улс болох боломжтой. Тийм учраас хоёр талаасаа монгол үндэстнийг үгүй хийх гэж оролдсоны үр дүн байж болох талаар дурджээ. Өөрөөр хэлбэл энэ хэлмэгдүүлэлт бол Монголчуудын хувьд “Үндэстний асуудал” байсан байж болох талаар хөндөж байв.
Эрдэм шинжилгээний бага хурал одоо үргэлжилж байна.