Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Гэсэн ч нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжаар 0.07, 0.04 га газрыг амины болон зуслангийн зориулалтаар олгож байгааг энэ хууль болон дагалдах хуулиудад бүр мөсөн зогсоохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар газар олгох эрх зүйн зохицуулалтыг хязгаарлаж байна. Захын гурван дүүргийн хувьд газар олгох процесс цаашид үргэлжилнэ. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга таван тохиолдолд л газар олгоно. Нэгдүгээрт, төр бүтээн байгуулалт хийх зорилгоор эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд, хоёрдугаарт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үүднээс газар олгоно. Гуравдугаарт, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар, дөрөвдүгээрт, дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний дагуу нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олгох юм. Тавдугаарт, царцаасан барилга байгууламжид урьд нь олгосон газрыг дахин төлөвлөсөн бүсэд шилжүүлэн суурьшуулахтай холбоотойгоор газар олгоно.
Худалдан авах ажиллагаанд гарсан нэг алдаа нь зөвхөн төрийн байгууллагуудын түвшинд хийгдэж байгаа нь юм. Иймээс нийслэл, дүүргийн Худалдан авах ажиллагааны газар, хэлтсийн зарим орон тоог цомхотгон, тендерийн жишиг бичиг баримт боловсруулах ажлыг шинэ хууль болон дагалдах хуулиудад мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Тендерийн жишиг баримтын дагуу үнэлгээний хороод сонгон шалгаруулж, харилцан хяналтыг бий болгох юм.