Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглээд Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын харилцаа, бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг онцлов. Мөн Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар оросын талтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.
 
В.В.Абрамченко ОХУ нь ойрын хөрш, Ази дахь гол түнш Монгол Улстай урт хугацааны түүхэн нөхөрсөг харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, худалдаа, эдийн засаг, банк санхүү, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, ашигт малтмал зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг тэмдэглэв.


 
Талууд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн, баруун бүсийн төмөр замын бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой тавих зэрэг төслийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэхэд санал нэгдлээ.
 
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж байна.