Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын холбоо хамтран зохион байгуулж буй "Өсвөрийн парламент-2023" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Тус хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтын бүртгэл орон даяар нээлттэй явагдах юм. Хөтөлбөрт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 150 сурагчийг сонгон шалгаруулна. Мөн хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулах аж.
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны зургаадугаар сарын хооронд хэрэгжүүлэх юм. Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ орчны эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягийн тухай ойлголтуудын тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэл авах юм. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадварт суралцана.
Хөтөлбөрт оролцохыг хүссэн сурагчид ирэх сарын 10-ны өдрийг хүртэл цахимаар (https://forms.gle/snY3j96bGtTeTBPB9) бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг “Өсвөрийн парламент хөтөлбөр” фейсбүүк хуудсаас авах боломжтой. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг хөтөлбөр нь Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, өсвөр үеийнхнийг нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой.