Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид бахархам амжилт үзүүлж, өнөөдөр 10.00 цагт эх орондоо газардлаа. Тэднийг жүдо бөхийн дэмжигчид, гэр бүлийн гишүүд, харьяа байгууллагын удирдлагууд алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүгээ барин угтсан юм. Энэ жилийн Дэлхийн аваргад Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, шагналт тав, долдугаар байр тус тус нэгийг эзэлснээр багийн амжилтаар дэлхийн 126 орноос гуравдугаар байрт шалгарсан нь манай улсын спортын түүхэнд байгаагүй амжилт байсан билээ. Жүдочид “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараа Орон нутгийн хурлын танхимд хэвлэлийн бага хурал зарлаж, монголынхоо ард түмэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Хурлын эхэнд жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч О.Балжинням “Манай жүдо бөхийн шигшээ баг наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 3-ны хооронд Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-д амжилттай оролцоод ирлээ. Бидний гаргасан амжилтын талаар та бүхэн сайн мэдэж байгаа байх. Манай баг тамирчид нэг алтан медаль, нэг мөнгөн медаль, дөрвөн хүрэл, шагналт тав болон долдугаар байрт орж багийн дүнгээр гуравдугаар байрт орсон түүхэн амжилт гаргалаа” гэсэн юм. Мөн тэрбээр “Багш дасгалжуулагчид, бэлтгэл хангагчид, тамирчдынхаа гэр бүл, найз нөхөд, жүдо бөхийн холбооны хамт олон, БСШУСЯ, Биеийн тамир спортын газар гээд монголчууд маань бүгдээрээ дэмжсэн. Олон хүний хүч хөдөлмөрөөр өнөөдрийн амжилтыг гаргалаа” гээд Монголынхоо нийт ард түмэнд баярлаж, талархаж буйгаа илэрхийллээ.