Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чинь бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь-ийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, энэ хүрээнд БНСВУ-тай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-тэй хийсэн яриа, хэлэлцээ амжилттай, үр дүнтэй болсныг дурдаад айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэж буйг тэмдэглэв. Хоёр улсын бат бэх харилцааг ирэх онд шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх талаар хоёр тал тохирсныг сайшаан тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Фам Минь Чинь 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, ард түмний ойр дотно нөхөрлөлийг бэхжүүлсэн арга хэмжээг хамтдаа зохион байгуулах, түүхэн шинэ хуудсыг нээх талаар хамтран ажиллахдаа баяртай байгааг илэрхийлэв.

Талууд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэлэлцэх чухал механизм болж хөгжиж буйг өндрөөр үнэлж, тус механизмаар дамжуулан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хооронд хэлхээ холбоо тогтоон худалдааг дэмжиж ажиллахын чухлыг онцоллоо.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, ложистикийн саад тотгорыг арилгах, хоёр улс хоорондын агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг талууд сайшаав.

Мөн цаашид бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд Монгол, Вьетнам, Хятадын зам тээврийн асуудал хариуцсан сайд нарын түвшний гурван талт уулзалтыг зохион байгуулж, төмөр замд түшиглэсэн транзит тээврийн дамжин өнгөрөх боомтуудыг тохирох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгааг нотлов.

Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хоёр талын хэд хэдэн баримт бичгийг байгуулсныг талууд сайшаан тэмдэглээд үүний дотор “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэв.

Талууд мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Вьетнам Улсаас цагаан будаа нийлүүлэх, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг болон олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай баримт бичгийг тохирсон нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.