Хүмүүн сүүлчийн амьсгалаа дотогш хураасны дараа гурав хоногийн дотор сүнс биеэс салснаас эхлээд дараагийн төрлөө авах хооронд зуурдын төрөл буюу завсрын ертөнцөд төрөл авах шалтгаан бүрдтэл оршдог гэдэг. Шинэ төрөл авах нөхцөл бүрдтэл долоо долоо хоногийн хугацаатай хамгийн удлаа гэхэд 49 хоногийн дотор төрлөө олдог хэмээх бурхан шашны зан үйлд тусгагдсан байдаг. Энэ үед араас нь буян сайн үйлдсэн бол сайн төрөл авч, хэрэв буян сайн хийгээгүй бол амьд сэрүүн цагтаа хийсэн үйлийн үрээс хамаарч сайн муу төрлийн аль зохихыг авдаг ч хэмээдэг. Тийм учраас нас барагсдын хойноос буян хийхийг монголчууд урьтал болгодог. Хийх ч ёстой гэдэгтэй санал нийлж байна. Тэгэхдээ буян үйлдэж байгаа нь энэ гээд Монголын уул талаар нэг суварга босгож, хадаг уяад байгаа нь зүйд нийцэхгүй санагдана.
Хэдийгээр суварга бүтээх нь өнөөх эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд бүтээж буй их сайн буян гэдэг. Суварга бол бурхны лагшин, номлол, таалал лугаа барилдсан хамаг бурхдын хурах ордон, бурхны энэрлээр төрсөн хувилгаан дүрийн газар дээрх сүлд, эрхэс тэнгэрийн эрчсийг эх газарт татан буулгах төв гээд олон янзаар ярьдаг, хэлдэг, бичдэг. Гэхдээ сүүлийн үед суварга бүтээх гэдэг үйл хэрээс хэтэрч зөвхөн суварга бүтээх бизнест гаршигчид олширчихож. Суваргын бизнес эрхлэгчид мэдээж аль нэг лам хуваргатай хамтран ажиллаж амьд шүтээн болсон ээж, аав, амраг садангаа алдаад шаналсан нэгний сэтгэлийг ашиглан үйлддэг нь гутамшигтай санагдана.
Лам, хуваргатай хамтардаг гэдгийн учир нь хагацал үзээд шаналж буй үлдэгсдэд “Суварга бүтээж байгаа нь бурхан болоочийнхоо дараа төрлийг бардын зовлон хийгээд завсрын оронд саатахгүйгээр төрөлхтний өндөр сайн төрлийг түргэн олж төрхийн тухайдад бүтээж буй дээдсийн буян” хэмээн сурталчилгаа хийдэг. Хүний амьдралын хэцүү цаг үеийг ашиглан ийм бизнес хийх нь хэр буян болох бол. Гэтэл одоо бүр “Сайн цагийн 1000 бурхны суварган цогцолбор” гэх зэрэг нэр хайрлаад мянга мянгаар нь суварга барьсаар л байна. Уг нь буян үйлдэх гэдэг чинь зөвхөн суварга бүтээхээр хэмжигддэггүй байлтай.
Эдгээр суваргуудыг талхны мөнгөөр бүтээдэггүй нь ойлгомжтой. Учир нь хаа сайгүй хөглөрөх болсон суварга бүр сүрлэг нүсэр, тансаг чамин гэж жигтэйхэн. Ер нь маш их ур ухаан, асар их хөрөнгө, хүч зарж бүтээсэн нь тодорхой харагдаг. Тэгээд дотор нь үнэртэн танартан, арвай будаа гээд идээний дээд, тансаг бүхнийг ачааны машины тэвш тэвшээр нь дүүргэж байгаад л суварган дотроо хийдэг юм гэнэ билээ.
Ийнхүү утга, учрыг нь алдагдуулан хавтгайруулж байгаа нь олон гэр бүлийг ах, дүү, төрөл төрөгсдөөр нь санхүүгийн хямралд оруулж байна. Үнэндээ газарт тэвш, тэвшээр нь будаа “буллаа” гээд бурхан болоочид минь түүнийг мэдрэх нь юу л бол. Түүний оронд сүнсэн биеийг олсон бурхан болоочиддоо өргөл өргөж, амьтан хүн хоолловол тэр болгоны баярласан сэтгэл сайн төрлийг олоход хүргэдэг гэж мөхөс би бодох юм. Түүнээс биш тэвш тэвшээр нь будаа булаад буян болох нь эргэлзээтэй. Арай л биш санагдана. Энэ нь мухар сүсэгт бүрэн автсаныг харуулна.
Мухар сүсэгт хэт автаж уул талаар нэг суварга болгох “мода”-ыг таслан зогсоомоор байна. Хэрвээ буян үйлдэх гэж байгаа бол суварга бүтээхэд зарцуулдаг сая сая төгрөг, тэвш, тэвш будаагаа хоногийн хоолгүй хоосон ходоодтой хонож байгаа хүүхдүүдэд зориулвал яаж байна. Нэг суварга босгох мөнгөөр нэг асрамжийн газрын багачууд хэдэн сарынхаа хүнсийг бэлтгэчихэж болох биз. Тиймээс буян хийх хүсэлтэй юм бол үүнд зарцуулж буй мөнгөө өвдөж шаналсан, өнчин хоцорсон хүүхдүүдэд зориулсан нь илүү буянтай үйл хэмээн бибээр мунхаглана.