Засгийн газраас 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Уг ажлын хүрээнд БНСУ-аас 250 мянган жуулчин хүлээн авахаар зорьжээ. Үүнд дэмжлэг үзүүлэх, Монгол орныг өөрийн оронд сурталчлах үүргийг БНСУ-ын жүжигчин Рю Сын Рён хүлээн авчээ. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ жүжигчин Рю Сын Рёнын хүлээн авч уулзан Монгол Улсын аялал жуулчлалын элчээр томиллоо.
Жүжигчин Рю Сын Рён театрын урлагаас жүжигчний карьераа эхлүүлсэн ба улмаар БНСУ-ын кино, телевизийн хамгийн олон туслах дүр бүтээсэн жүжигчдийн нэг болжээ. Түүний 2013 онд тоглосон "7-р өрөөний гайхамшиг" кино нь бүх цаг үеийн хамгийн их орлого олсон Солонгосын гурав дахь кино болж байсан бол 2014 онд тоглосон "Admiral: Roaring Currents" түүхэн кино нь тухайн цаг үедээ хамгийн их ашиг олсон киногоор нэрлэгдсэн байна. Мөн тоглосон киног нь 10 сая гаруй хүн үзсэн БНСУ-ын анхны жүжигчин болж байжээ. Тэрээр нийт 36 бүрэн хэмжээний, 12 олон ангит киноны гол дүрд тогложээ.