Монгол орныг гадаадад сурталчлах “Welcome to Mongolia” хөтөлбөрийг 2023 он гарснаас хойш БНСУ, БНХАУ, Япон Улс, ХБНГУ, ОХУ-д хийсэн ба уг нөлөөллийн хүрээнд БНСУ-аас ирэх жуулчдын тоо тооцоолсноос их ирэх төлөвтэй байгаа юм.
Тодруулбал 2023 онд БНСУ-аас 150 мянган жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй ба одоогийн байдлаар 54904 жуулчин БНСУ-аас ирж, Хятад жуулчдаас давсан үзүүлэлттэй байна. Үүнд Монголын аялал жуулчлалын компаниудын оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тухайлбал “Tourade” компанийн хөтөлбөрөөр БНСУ-ын plus size ангиллын алдарт модель болох Biki, Key, Foxeyon, Gopa Noona нар Монгол Улсад говийн аялал хийсэн нь Солонгосоос ирэх жуулчдын тоонд чухал нөлөөлөл үзүүллээ.
Иймд ”Tourade” аялал жуулчлалын компанийн захирал С.Болд болон БНСУ-ын алдарт моделиудтай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр болон албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.
Цаашид БНСУ-д алдартай, салбар бүрийн НӨЛӨӨЛӨГЧ / influencer/ -ийг Монгол Улсад аялуулах, тэднээр дамжуулж Монгол орны онцлог, дөрвөн улирлын аялал жуулчлалыг сурталчлах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Зочдоос Монгол орны тухай ямар сэтгэгдэлтэй байгаа тухай асуухад “Монгол Улсын иргэн бүр найрсаг, мөн маш эх оронч байгаа нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Уулзсан хүн бүр манай оронд тавтай морил, өөр маш олон сайхан газар бий гэж санал тавьж, мөн малчин айлд гэнэт зочлон очиход биднийг найрсаг угтаж, монгол ахуйтай танилцуулсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн.
Бидний аяллын тухай 3 цуврал нэвтрүүлэг гарах байх, үүгээр дамжуулж Монгол орны тухай сайхан сэтгэгдэл өгч, олон хүнийг Монгол орон луу аялах хүсэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.