Монголын говьд Дубайн “Элсэн цөлийн сафари” аяллыг зохион байгуулахад хамтран ажиллана

Засгийн газраас зарласан “Монгол зочлох жил”-ийн хүрээнд Дубайн аялал жуулчлалын салбарынхантай туршлага солилцон, Монголын говьд “Элсэн цөлийн сафари” аяллыг зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо.

Монголын говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл “Лийшюр трипс туризм” ХХК (Leisure trips tourism LLC)-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Амит Агнани, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад нарыг хүлээн авч уулзсан юм.

“Элсэн цөлийн сафари” аялал нь маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд АНЭУ-ын Дубай нь элсэн цөлийн аяллаараа дэлхийн олон мянган жуулчдыг татдаг. Тус байгууллага нь Элсэн цөлийн сафари аяллын туршлагатай тул Монгол Улсад хөгжүүлэх боломжтой хэмээн төслөө танилцуулжээ.

Манай улс сафари аялал сонирхогчдыг цуглуулж, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулах дотоод, гадаадын жуулчдыг татах боломжтой. Жуулчид Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, ховор ан амьтан, ургамлыг ихээр сонирхдог. Цар тахлын дараа аялал жуулчлалын салбараа сэргээсэн улс орнуудын тоонд Монгол Улс орж байгааг БОАЖЯ мэдээлэв.