БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкаг албаны хүмүүсийн хамт хүлээн авч, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, бататгах асуудлаар хоёр талын хамтарсан уулзалт хийв.
Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн Сайд Мариан Юречкагийн Монгол Улсад хийж буй албан айлчлалд нь амжилт хүсч, Чех Улсын үндэсний баярын мэнд хүргээд дараах асуудлаар санал солицлоо.
МОНГОЛ УЛС "ТАХЬ НУТАГШУУЛАХ" ДӨРӨВ ДЭХ ГАЗРАА ШИНЭЭР БАЙГУУЛНА
- Монгол Улс "Тахь нутагшуулах" дөрөв дэх газраа шинээр байгуулах гэж байна. Иймд зэрлэг амьтан хамгааллын замаар Улсын болон орон нутгийн хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах чиглэлд хоёр Улс хамтын сайн ажиллагааг үргэлжлүүлнэ.
- Монгол Улс, Европын холбоо хоорондын "Ойн түншлэлийн санамж бичиг"-ийн хэрэгжилтийн хүрээнд “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийг Менделийн их сургуулийн дэмжлэгээр үргэлжлэх юм. Энэ нь агро-ой, ойн хүний нөөц чадавхыг бэхжүүлэх, ойн салбарт түшиглэсэн ажлын байр нэмэгдүүлэх зорилготой.
-Хоёрдогч хотууд болох аймгийн төв, томоохон суурин газруудад хөгжлийн явцаас үүдэн байгаль орчинд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, тухайлбал эрчим хүчний хэмнэлт хийх төсөл хөтөлбөрийг дэмжих, хөрөнгө оруулалт хийх, гэр хорооллын айл өрхүүдэд бохир ус цэвэршүүлэх бага оврын техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх гэх мэт ажилд хамтран ажиллах боломжтой гэв.
МОНГОЛ УЛС РУУ АЯЛАХЫГ УРИАЛНА
-Хоёр улсын хооронд аялал жуулчлалын чиглэлээр харилцан сурталчилгаа хийх, өдөрлөгүүд зохион байгуулах, мэдээллийн төвүүдийг байгуулах асуудлаар хамтран ажиллах хүсэлт тавив. Мөн БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн Сайд Мариан Юречка "Монгол орныг Европын жуулчдад аялахад тохиромжтой, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлж буйг хэлж, иргэддээ амралтаараа Египет рүү биш Монгол руу аялаарай гэж уриалах болно" гэв.
Уулзалтад БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Байгалийн нөөц удирдлагын бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, БНЧУ-ын талаас Үйлдвэр, худалдааны яамны Африк, Ази, Австралийн хэлтсийн дарга Петр Кулованы, Үйлдвэр, худалдааны яамны Африк, Ази, Австралийн хэлтсийн зөвлөх Йозеф Врбенский, Шадар сайдын ажлын албаны дарга Лузье Вымазалова, Хөдөө аж ахуйн яамны Газар тариалан, ойн аж ахуйг дэмжих батлан даалтын сангийн ТУЗ-ын дарга Йозеф Кучера, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, Элчин сайдын яамны дэд тэргүүн Лукаш Янечик болон албаны хүмүүс оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.