Нийтийн тээврийнхний өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна

Эдгээр өдрүүдэд өвөлжитийн бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна. Тэгвэл өчигдөр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаныхан нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, үүрэг даалгавар өгөв.

Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлэгсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд нийтийн тээврийн хэрэгсэл өнгө үзэмжтэй, цэвэр тохилог, хамгийн гол нь өвөлдөө дулаахан байх шаардлагатай. Олон нийт, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өнгөрсөн наймдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цэвэрлэгээ, жолоочийн ёс суртахууны асуудалтай холбоотой саналууд ирсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн автобусуудад үзлэг, шалгалт хийж, үүрэг даалгавар өгсөн.

Гэвч өнөөдөр иргэдээс цэвэрлэгээ, жолоочийн соёлын асуудал дээр санал, гомдол тасрахгүй ирсээр байна. Тиймээс энэ тал дээр нийтийн тээврийн байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах, цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй байна. Нийслэлийн зүгээс мөн туслаж, дэмжих тал дээр анхаарч, зайлшгүй шийдвэрлэх ганц хоёр асуудлыг шийдвэрлэж өгөх болно” хэмээлээ.

Нийтийн тээврийн компаниудын зүгээс “Автобусны эцсийн зогсоолууд дээр цэвэрлэгээ хийхэд төвлөрсөн хогийн цэг, хогийн цэгийн асуудал хүндрэлтэй байдаг гэлээ. Тиймээс хогийн төвлөрсөн цэг, савны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Мөн нийслэлээс тавьж буй шаардлагын дагуу автобусны суудлын бүрээсийг арчиж, цэвэрлэхэд хялбар байх тал дээр анхаарах болно. Тогтмол хөнгөн цэвэрлэгээг хийх тал дээр анхаарья” хэмээж байсан юм.

Нийтийн Тээврийн газрын даргын А/71 тоот тушаалын дагуу нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг ажлын хэсэг үе шаттайгаар шалгаж байгаа аж. Энэ үеэр албаныхан нийтийн тээврийн компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байгааг хэллээ. Ирэх сарын 1 гэхэд өвөлжилтийн бэлтгэл бүрэн дуусах юм байна.