-Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо-
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж, сургуулийн өмнөх боловсрол олгох, сэргээн засах эмчилгээ хийх “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Тэрээр уг цэцэрлэгийн байрыг өөрийн хөрөнгөөр бүрэн засварлаж, материаллаг баазаар ханган, ашиглалтад оруулжээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр тэрбээр хэлэхдээ: “Сонгинохайрхан дүүрэгт 900 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий гэж тоо гарсан. Улсын хэмжээнд арван мянга гаруй хүүхэд байдаг гэсэн судалгаа байдаг. Энэ хүүхдүүдэд анхаарал, халамж маш их хэрэгтэй. УИХ-аар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргахад миний бие ажлын хэсэгт орж ажиллахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч, боловсрох, тэгш эрхтэй байх тогтолцоо тун сул байгааг ойлгосон. Улаанбаатарт аравдугаар цэцэрлэгээс өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургадаг цэцэрлэг байдаггүй. Өнөөдөр нээлтээ хийж байгаа энэ цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдах хүчин чадалтай. Арван анги тус бүрт 15 хүүхэд авна гэж тооцвол 150 хүүхдийн эцэг, эх ажил хийх боломжтой болно. Үүнд сэтгэл маш өндөр байна. Зургаан нас өнгөрсөн хүүхэд ч энэ цэцэрлэгт хамрагдаж, сэргээн засах эмчилгээнд явж болно. Энд мөн өдөр өнжүүлэх төв ажиллана” гэв.
Гайхалтай.