Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын хөдөлгөөний ачаалал, зохицуулалтад гарч буй өөрчлөлтийн талаар албаныхан ийн ярьжээ.
ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:
-Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны хооронд замын хөдөлгөөний түгжрэл, ачаалалд цаг агаарын нөхцөл байдал 30 хувиар нөлөөлж байсан бол 2023 оны мөн өдрүүдэд 50 хувь болж өссөн байна. Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 15-31-нд замын хөдөлгөөний ачааллын дундаж үзүүлэлт 90 хувь байсан ба тус хугацаанд долоон өдөр тэг зогсолт болсон. Арванхоёрдугаар сарын эхний хагаст замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн оны мөн үеэс тогтмол 3-4 хувиар ихсэж байсан бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх тооцоолол гарсан. Эдгээр үзүүлэлтээс харахад энэ онд ч мөн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байсан тул тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн юм. Түүнчлэн шинэ жил, баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор нэмэгдэх зорчилт хөдөлгөөн, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо, зам тээврийн ослын тохиолдлыг харгалзан үзсэн. Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулснаар уг ачаалал 20 хувиар буурах тооцоо гараад байна.
-Тухайн зохицуулалтыг хийснээс хойш замын хөдөлгөөний ачаалалд ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Дугаарын хязгаарлалтгүй үед буюу арванхоёрдугаар сарын 11-нд уулзваруудад нийт 3816 удаа хөдөлгөөн зохицуулалт хийж байсан. Үүнийг дугаарын хязгаарлалт эхэлсэн өдөр буюу арванхоёрдугаар сарын 18-тай харьцуулбал 2672 болж буурсан. Цаашлаад арванхоёрдугаар сарын 19-нд 33, арванхоёрдугаар сарын 20-нд 28 хувиар буурсан байгаа юм.
-Захирамжид өөрчлөлт орж, тэгш, сондгойгоор зорчих хуваарийг шинэчилсэн. Уг захирамжид бүх нийтийн амралтын өдөр болох арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэх боловч нэгдүгээр сарын 1-нд үйлчлэхгүй гэж тусгасан байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Арванхоёрдугаар сарын 29 нь бүх нийтийн амралтын өдөр ч шинэ жилийн баяр дөхөөд иргэдийн зорчилт хөдөлгөөн, ачаалал их байдаг. Өнгөрсөн оны тухайн өдөр замын хөдөлгөөний ачаалал 99 хувьд хүрч, тэг зогсолт болсон. Харин 2023 оны нэгдүгээр сарын 1-нд ачаалал 73 хувьтай байсан юм. Түүнчлэн тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийн тоог тэнцүү байлгах үүднээс дээрх үзүүлэлтэд үндэслэн арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгасан. Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Хязгаарлалттай өдрүүдэд улсын дугаар нь тэгш, сондгойгоор төгссөн тээврийн хэрэгслүүд тус бүр 16 өдөр хөдөлгөөнд оролцох юм.
Дараахь тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт үйлчлэхгүй
- Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах
- Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах
- Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш буюу нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх
- Гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх
- Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан
- Дулаан, цахилгаан, усан хангамж, шуурхай ажиллагааны тээврийн хэрэгсэл, эмнэлгийн зориулалттай бараа бүтээгдэхүүн түгээх тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөнө.
2024 оны нэгдүгээр сарыг дуустал хэрэгжих дугаарын хязгаарлалтад:
- Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
- Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
- Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
- Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.