Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны дараагаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар буюу тодруулбал, нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж, үнийн талаар мэдээллээ.
Энэ оны 12 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас 51 мянган тонн, бусад компаниудаас 15 мянган тонн, нийт 71 мянган тонн Аи-92 автобензин захиалснаас өнөөдрийн байдлаар 54 мянган тонныг гаалийн бүрдүүлэлт хийн оруулж ирээд буйг тэрбээр мэдээллээ.
ОХУ-ын Ангарск хотоос 253 вагон Аи-92 автобензин ачигдаад замдаа явж байна гэв. Нийтээ энэ 12 дугаар сард багтаан манай улсын дундаж хэрэглээнээс 10 мянган тонноор илүү Аи-92 бензин нийлүүлэгдэнэ гэв.
Тэрбээр, автобензиний үнэ нэмэгдэхгүй, тогтсон үнээр нийлүүлж байна гэв. Аи-92 автобензиний хил хүртэлх үнэ нь нэг тонн нь 705 ам.доллар буюу 5 жилийн, урт хугацаагаар байгуулсан гэрээнд тусгасан тогтвортой үнээр нийлүүлж байгаа гэв.
Одоо манай улсад борлуулж буй Аи-92 автобензиний нэг төрөл болох Евро-5 бензиний хилийн үнэ тонн нь өмнө 872 ам.доллароор байсан бол одоо 825 ам.доллар болж буурсныг мөн мэдээлэв. Түүнчлэн импортоор нийлүүлж буй Аи-95 автобензинийн тонн тутмын үнэ 880 ам.доллар байсан бол 827 ам.доллар болж буурсныг хэллээ.