УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудал 2 хүний хэрүүл болж таарахгүй гээд Женко гэгддэг Баттулга ч, Хүрэлбаатар сайд ч нийгмийг талцуулахаа болисон нь дээр гэж анхааруулав. Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх түвшинд Ардчилсан намын зүгээс ажлын 3 хоногийн завсарлага авсан нь дуусгавар болсон.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үүнтэй холбогдуулан завсарлагын хугацаанд бүлгийн түвшинд саналаа нэгтгэсэн гээд Засгийн газар хуулийн төслийг буцаан татаж, дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.
Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга үг хэлэхдээ “гишүүдийг шантаажилж хууль батлуулна, зогсооно гэж одоо байхгүй. Намайг нэг талаас Үндсэн хуулийн цэцэд өгнө, нөгөө талаас зургаан сараар хуулийг барилаа гээд байдаг.
Бид эрүүл саруулаар асуудалд хандаж, улс орон, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж асуудалд хандана гэдгийг хатуу анхааруулъя” гэв. Мөн “2013 онд баталсан, одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулинд 100 жилээр газрыг эзэмшүүлж, ашиглуулна гэх заалтыг баталчихаад одоо хууль зөрчсөн гээд цэцэд өгөх асуудал яриад гүйгээд байгаа нөхөд нийгмийг талцуулж, төөрөгдүүлж, шоуддагаа болих хэрэгтэй”-г санууллаа.