Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахууны нөөцийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шатахууны хомсдол болоогүй. Сурагчдын амралт дуусч, хичээл сургууль орлоо. Цагаан сарын уур амьсгал орж, орон нутгаас автомашин олноор орж ирж байна. Үүнтэй холбоотойгоор шатахуун түгээх станцуудын ачаалал бага зэрэг нэмэгдсэн. Шатахууны нөөц хангалттай байгаа. Өнгөрсөн амралтын өдөр шатахуун түгээх станцууд ачаалалтай байсан бол өчигдрөөс хэвийн болсон.
Цагаан сарын өмнө иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний хэрэглээ нэмэгддэг. Дизель түлшний бөөний үнэ 5000 төгрөг байсныг 3300 төгрөг болж буурсан. Та бүхэн үүнийг мэдээлэх хэрэгтэй. Би өмнө нь хэлж байсан шүү дээ. Бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлнө. АИ-92 бензиний нөөц хангалттай байгаа.
Шууд нэр дурдахад, “Магнай трэйд” компанийн шатахуун түгээх станцууд шатахууныг хязгаарлалттай олгож байна. Үүнээс гадна ганц, нэг компани бий. Энэ бол тухайн компанийн дотоод асуудал. Улсын шатахууны хэрэглээ, нөөцтэй холбоотой асуудал гараагүй.
Евро-92 бензин 2940 төгрөгийн үнэтэй байгаа. Нөөц ч хангалттай бий. АИ-92 бензиний нөөц тэрнээс их байгаа. Шатахуун импортлогчид үнэтэй евро-92 бензиний борлуулах сонирхолтойгоо илэрхийлсэн. Салбар яам энэ асуудалд анхаарч ажиллана. Болохгүй бол 2940 төгрөгийн евро-92 бензинийг 2390 төгрөгөөр нь заруулна. Евро-92 бензин савандаа багтахгүй их хэмжээтэй байна” гэлээ.