Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар 3 баазын 763 жолооч нарын дунд “Ур чадвар -Уран жолоодлого"-ын тэмцээн зохион байгуулагдаж 2017 оны байгууллагын аваргуудаа тодрууллаа.
Тэмцээн нь жолооч нарын хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартын мэдлэг, жолоодлогын ур чадварыг дээшлүүлэх, осол зөрчилгүй иргэдэд үйлчлэх үндсэн зорилготой.
Шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, 10 хэсгээс эхний гурван байранд шалгарсан 30 жолооч нар байгууллагын аваргын төлөө жолоодлогын ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн тестийн шалгалт, техникийн гэмтэл тодорхойлох төрлүүдээр оролцож хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорьсон.
Тэмцээний нэгдсэн дүнгээр 3 дугаар баазын жолооч Д.Батбилэг 1 дүгээр байранд, Б.Нямпүрэв 2 дугаар байранд, 1 дүгээр баазын жолооч Б.Уранбат 3 дугаар байранд, тусгай байранд С.Төмөрсанаа нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн гурван баазыг 6 үзүүлэлтээр дүгнэхэд 155 оноогоор 3 дугаар бааз шалгарч шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнуулав.
Тэмцээний дундуур Зөрчлийн тухай хуулиар асуулт хариултын тэмцээн зохион байгуулахад 1 дүгээр баазын жолооч С.Төмөрсанаа, Э.Ууганзаяа, 2 дугаар баазын троллейбусны жолооч Л.Гансүх нар амжилттай оролцож хөгжөөн дэмжигчдийн шагнал хүртлээ.