Зудын гамшгаар 3.1 сая толгой мал хорогдоод байна

Улсын Онцгой комиссоос цаг үеийн ээлжит мэдээллээ хийв.

Хэвлэлийн хуралд УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар оролцсон юм.

Т.Баярхүү дарга хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар 118 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 41 айлыг нүүлгэн шилжүүллээ. Өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисст гамшгаас хамгаалах орон нутгийн алба мэргэжлийн ангиас өнгөрсөн өдрүүдэд 3963 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 5506 иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлж, 1524 малчин өрхөд хоол хүнсээр тусалж, 57 260 өрхөд өвс тэжээл хүргэлээ. Давхардсан тоогоор орон нутгийн онцгой комиссын мэргэжлийн байгууллагад 958 алба хаагч, 226 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэв.

Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн 100 сумын Засаг даргын Тамгын газарт тодорхой хэмжээний туулах чадвар сайтай автомашинууд яаралтай худалдан авч өгсөн. Дараагийн ээлжинд эрүүл мэндийн байгууллагууд, сумын эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай машин олгоно. Нийтдээ 60 суманд машин өгнө. Өнөөдрийн байдлаар, Улсын Онцгой комисст 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн хандив цугласан байна. Мөн 773.1 сая төгрөгийн бараа материал ирсэн.

Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд, олон улсын манай улсад үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн багуудаас нийтдээ 3.2 сая ам.долларын санхүүжилт босгосон. Эхний санхүүжилтийн тусламжийг 11 мянга гаруй өрхөд олгох юм. Өнөөдрийн байдлаар зудын гамшигт хорогдсон малын тоо 3.1 саяд хүрсэн” хэмээн ярилаа.