БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Бүргэдийн баяр-2024” наадам эхэллээ. Тус наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд бүргэдчид тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрөлд өрсөлдөнө. Түүнчлэн морьт харваа, анч нохдын үзүүлбэр, хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаа, бусад үйлчилгээг дэлгээд байна. Мөн нээлтийн үеэр шилдэг 21 бүргэдчинийг алдаршуулсан юм.
“Бүргэдийн баяр-2024” наадам өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо. Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.