Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувь цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхий, Хантайширын нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод тал, говийн нутгийн зарим хэсгээр 10-43 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 80 см хүртэл зузаан цастай байв.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-8.1 градусаар хүйтэн. Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн зарим, Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар дунджаас 1.1-3.2 градусаар дулаан, хур тунадас 90 орчим хувьд олон жилийн дунджаас бага, 10 гаруй хувьд дунджийн орчим, Өвөрхангайн зарим, Булган, Төв, Дундговийн ганц нэг сумдын нутгаар дунджаас ахиу орсныг ЦУОШГ мэдээлжээ.