Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Гадаад харилцааны яаманд угтан авч, албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 28 жилийн дараа манай улсад хийж буй хоёр дахь айлчлал гэдгийг тэмдэглэж, нөхөрлөл, найрамдалт харилцаанд суурилсан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээ, түүнчлэн байгууллага хоорондын харилцаа холбоо идэвхтэй өрнөж байгааг талууд онцоллоо. Мөн хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал зэрэг олон салбарт өргөжүүлэхээр тохиролцов.
Түүнчлэн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” -д тусгагдсан зорилтууд болон “Тэрбум мод”, “Эрүүл Монгол хүн” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилтуудын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллах, үр тарьц суулгалтын нөөц бүрдүүлэх, ойн хөнөөлт шавжтай тэмцэх, Монгол орны тодорхой бүс нутагт ойг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.
Талууд хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх замын зураг- баримт бичгийг байгуулахаар тохиролцлоо. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник нар албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөв.