УИХ-ын дарга Г.Занданшатарын дараагийн зорилт: Газрын асуудлыг цэгцэнд оруулна

Гомбожавын Занданшатарын хувьд “Улсын Их Хурлын дарга” хэмээх хүндхэн ачааг чамлахааргүй хэмжээнд үүрч, Монголд нүүрлэсэн хууль бус, эмх замбараагүй асуудлуудтай нүүр тулж байгаа. Тэр хэрээр үр дүн ч гарч байна. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хуулийн биелэлтийг хангуулах Хяналт шалгалтын түр хороодыг байгуулан ажиллаж байна.

Асуудлын шалтгаан, бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн тогтоож, бодит мэдээллийг хуулийн хүрээнд ил болгон, иргэний мэдэх эрхийг хангах төдийгүй цаашид хяналтыг чангатгах чиглэлээр шийдвэр гаргаж буйгаараа Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороодын ажил гавьяатай. Энэ бүхний санаачлагч нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар юм. Түүний санал санаачлага, хичээл зүтгэл, дэмжлэг өндөр байснаар Улсын Их Хурал Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгайн асуудлаар Хянан шалгах түр хороод ажиллуулж, эхнээсээ хууль бус асуудлууд задарч, алдаагаа засаж эхэлж байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх биз ээ.

Улсын Их Хурлын даргын зүгээс энэ парламентын отгон хуралдааны нээлтэд хэлсэн үгэндээ “Ногоон автобусны хэрэг, газар олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хураамж зэрэг үйл ажиллагаанд холбогдуулан хяналт шалгалтын сонсгол зохион байгуулж, цэгцэнд оруулна” гэдгээ мэдэгдсэн.

НИЙСЛЭЛ ХОТОД НЭГ АЖ АХУЙН НЭГЖ ГЭХЭД Л 70 ГАРУЙ ГАЗАР ЭЗЭМШИЖ, 20 ГАЗАР ӨМЧИЛЖ БАЙНА. ТИЙМЭЭС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН СОНСГОЛ ЯВУУЛЖ, БОГД УУЛЫН АМУУДААС ЭХЛЭЭД НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭН, ХЭДЭН ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА ГЭДГИЙГ ИРГЭД МЭДЭХ БОЛОЛЦООГ ХАНГАНА. ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ УЛС ТӨР-БИЗНЕС-УУЛ УУРХАЙН БҮЛЭГЛЭЛИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХӨНДӨЖ, МАШ ИХ ХЭЛ АМ ДАГУУЛАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ… Улсын Их Хурлын даргын мэдэгдсэн энэ баримтуудыг Хянан шалгах түр хороон дээр хэлэлцэж, мэдээллийг олон нийтэд ил болгоно. Нэгэнт Улсын Их Хурал дээр нотлох баримтын хүрээнд яригдчихсан асуудлыг шалгахгүй байна гэдэг өөрөө том асуудал. Тиймээс ч Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хяналт шалгалтын сонсгол бүрийн дараа хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, хуулийн дагуу ажлаа хийх үүрэг чиглэлийг өгч байгаа юм.
Улсын Их Хурлын хяналт шалгалтын сонсголуудын үр дүнгээр иргэд мэдээлэлтэй болж, эрх мэдэлтнүүдээс шударга ёсыг шаардаж, алхам алхмаар нийгэм эрүүлжих зам дээрээ гарч байгаа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хийж буй үгүйсгэх боломжгүй ажил мөн билээ.

Найм дахь удаагийн парламент отгон хуралдаанаараа газрын асуудлаар сонсгол явуулснаар газрын сангийн зохион байгуулалтыг шинэчилж, Газрын багц хуулийг шинэчлэн батлуулах эхлэлийг тавина. Газрын зөрчилтэй холбоотой асуудлуудыг цэгцэлж, зөв гольдрилд оруулсны үр дүнд хот, хөдөөгүй газар өмчилж чадаагүй иргэдэд газар эзэмшүүлэхийг зорино. Улаанбаатар хотдоо шаваарч, түгжрээд байгаа учир хөдөө рүүгээ суурьших, хөдөөгийн сэргэлтийг дэмжих газрын реформ хийх зорилт дэвшүүлнэ хэмээн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдэгдсэн… Газартай холбоотой ээдрээ, будлиантай олон асуудлыг нийтэд ил болгож, цэгцэнд оруулах эхлэлийг тавьж чадвал Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын нийгмийн сайн сайхны төлөөх дараагийн зорилт хэрэгжиж буй нь тэр ээ!