Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана

Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний түүхт  90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

“Корпорейт хотел энд конвейшн центр”-т болсон улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажилтан, албан хаагчид болон үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хурдтай хөгжүүлэхийн тулд цогц, нэгдмэл, харилцан бие биеэ дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь чухал. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, ядуурал буурах, өрх бүлийн амьжиргаа дээшлэх, амьдралын чанар сайжрах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж Ерөнхийлөгч үзэж байна.

Иймээс:

  • Салбарын эрх зүй, санхүү, татвар, даатгалын таатай орчин бий болгох,
  • Байгаль орчин, мал, амьтанд ээлтэй, өндөр чанартай түүхий эд бэлтгэх болон малын гарал үүсэл, чанарын мөшгөх тогтолцоо хөгжүүлэх,
  • Үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх,
  • Хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах, давтан сургах,
  • Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарах шаардлагатайг хэлэв.

Үүнд төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэл, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэг зорилго, нэг бодлого чухал гэдгийг онцолж, бүх талаар тууштай дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болохын төлөө төр, засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийт нэг их наяд гаруй төгрөгийн гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоод байна.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт арьс, арьсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, үйлдвэрийн машины эд ангиуд, цаас, цаасан бүтээгдэхүүн болон хувцас, нэхмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспорт нэмэгдэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх бүрэн боломжтой гэж үздэг.

1980-аад оны сүүл гэхэд хөнгөн үйлдвэрлэлийн салбар нийт аж үйлдвэрлэлийн салбарын 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан бол 2023 оны байдлаар 25 хувийг л бүрдүүлж байна.

Бараа бүтээгдэхүүний экспорт нийт экспортын дөнгөж зургаан хувьтай тэнцдэг бөгөөд хүнс, гутал, хувцас, арьс, савхин эдлэлээс эхлээд хөнгөн үйлдвэрлэлийн  бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авахад жилд ойролцоогоор гурван тэрбум орчим ам.доллар зарцуулдаг судалгаа гарчээ.

1934 онд Аж үйлдвэрийн комбинат байгуулагдсан нь орчин цагийн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн эхлэл байсан түүхтэй. Үүнээс өмнө энэ салбар гар урчууд, төмөр болон мөнгөний дархчуудаас бүрдсэн гар үйлдвэрлэлд   түшиглэж байлаа.

1940-1950 онд малын гаралтай түүхий эдээ ашиглан дотоодын хэрэгцээг хангах, гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргах чиглэлд  тодорхой ахиц дэвшил гарсан.

1960-1990 онд олон хөнгөн аж үйлдвэр бий болж, түүхий эдийн боловсруулалтын түвшин, үр ашиг, чанарын үзүүлэлтүүд эрс сайжирч, шаардлагатай боловсон хүчнээ эх орондоо бэлдэж байсан түүхтэй юм.