Улаанбаатар хот дахь 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарчээ.
Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа нэмэгдэж байна. Манай улсад болон хил орчмын бүсэд энэ он гарсаар 3.5 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа бүртгэгдээд байна.
Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16.00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль хийдэг. Энэ өдрийг маргааш зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар хөдлөлтийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх аргад сургах дадал олгох, эрсдэлийг бууруулахыг зорьж байна. ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр энэ тухай мэдээлэхдээ, дадлага сургуулийг ёс төдий өнгөрүүлэх биш, гамшиг нүүрлэсэн үед мэдлэгтэй дадалтай байж өөрийгөө болон хайртай хүмүүсээ аврах аргад суралцахыг зорьж, идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриаллаа.