Нийслэлийн онцгой комиссыннарийн бичгийн дарга Д.Оюунбат шар усны үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Түүний мэдээлснээр Улаанбаатарт шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа 1487 айл өрх нүүх шаардлагатай бөгөөд үүнээс 388 нь огт зөвшөөрөлгүй аж. Шар усны үер хэзээ нэгэн цагт болж, гуу жалга руу ус орж ирнэ гэдгийг тэрбээр онцоллоо.
Гуравдугаар сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл шар усны үерийн 100 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Холбогдох мэргэжлийн байгууллага, дүүргийн 450 гаруй ажилтан 125 техник хэрэгсэлтэйгээр 8500 гаруй тонн усыг соруулж, 6500 гаруй суваг шуудуу татах, гурван гүүрний сувагчлал гаргах, 150 тонн мөс тээвэрлэх, 3000 тонн хог лаг хагшаасыг зөөж, тээвэрлэжээ.
Өчигдөр л гэхэд шар усны үерээс шалтгаалан гурван өрх зайлшгүй нүүх шаардлагатай болсон ч тухайн айлын эзэд хүсээгүй учраас гэр доторх эд хогшлыг нь нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар долоон дүүргийн 38 хорооны давхардсан тоогоор 1693 айлд нүүх мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тэдэнд Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зургаан байршилд шилжих газрыг зааж өгсөн аж. Эдгээр газар нь хүн амьдрах боломжтой суурьшлын бүс юм. Гэвч одоогоор нүүгаагүй байна. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг давтамжтай хүргэдэг ч иргэд тоохгүй байгааг албаныхан хэллээ.