УИХ-ын энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулсан Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо хуралдав.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн “Түр хорооны бүрэлдэхүүн” хэмээх 34 дүгээр зүйлийн 34.4-т “Улсын Их Хурлын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно” хэмээн заасан. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарт хамаарах үйл ажиллагаа эрхэлдэг эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ мэдүүлсэн юм. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэх саналаа УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Тус саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжснээр холбогдох тогтоолыг батлав.