-Богино зайн улстөржилт ард түмнийг талцуулж, ах дүүг хүртэл хагаралдуулж байна-
УИХ-ын гишүүн Д.Муратыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Тун удахгүй намрын чуулган эхлэх гэж байна. Таны хувьд завсарлагааны хугацаанд хаагуур ямар ажил амжуулж яваад ирэв?
-Би олон жил аймагтаа бүтээн байгуулалт хийлээ. Дан ганц Баян-Өлгий аймагт ч гэхгүй баруун аймгуудыг дулаанаар хангах талаар ажиллаж ирсэн хүн. 1980-аад онд улсын хэмжээнд тавхан аймаг Дулааны станцтай байсан юм. Түүний нэг нь манай Баян-Өлгий аймгийнх. Энэ станцыг 2006 онд хувьчилж аваад, хөл дээр нь босголоо. Ерөөс өнөөдрийг хүртэл аймаг орон нутгийнхаа төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж яваа жирийн л бизнесмэн хүн. Надад бусад шиг овойж оцойх хөрөнгө байхгүй. Төрөөс тендер авч, төсвийн мөнгөөр туйлж явсангүй.
Өөрийн хөдөлмөрөөр амьдарч ирсэн учраас казак түмэн надад итгэл хүлээлгэж, УИХ-д өөрийн төлөөлөл болгож илгээсэн юм. Жилийн жилд алдагдалтай, салбар яамнаасаа татаас авч байсан станцыг хөл дээр нь босгож чадсандаа баярладаг. Энэ бүхэн дан ганц миний амжилт биш. Миний хамт олны хүч хөдөлмөр. Манай ард түмэн ажилсаг. Энэ намрын тухайд мөн л иймэрхүү ажлаар аймагтаа явж байгаад ирлээ. “Зуухны” Мурат гэх нэрээр өлгийчүүд намайг мэднэ дээ /инээв/. Ард иргэдийнхээ итгэлийг алдахгүй ажиллах гэж хичээж явна. Чуулган завсарлах хугацаанд орон нутагтаа ажиллаж, ажил амьдралтай нь танилцаж, зовлон жаргалыг нь сонсч яваад ирлээ. Ард түмний амьдрал хэцүү байна. Ажилгүйдэл их байгааг тэд ярьж, энэ талаар төрөөс дорвитой шийдвэр нэхэж байгаа.
Ерөөс өнөөдрийг хүртэл явж ирсэн буруу тогтолцоог өөрчлөхгүй бол мянга түм бодлого батлаад ажилгүйдэл буурахгүй гэдгийг тэд төрд уламжлахыг хүслээ. Илэн далангүй ярих нь зөв байх. Өнөөдөр малчны нэг хүү дөрвөн жилийн хугацаанд 20 гаруй сая төгрөгөөр их дээд сургууль төгсч байна шүү дээ. Гэтэл мэргэжлээрээ очоод ажиллах гэхээр орон нутагт өнөөх ажлын байр нь байхгүй. Нэг их гоё том диплом өвөртөлсөн залуус ямар ч ажилгүй сууж байх жишээний. Хөдөө орон нутагт хамгийн их хэрэгтэй байгаа тогооч, үсчин, барилгын засал чимэглэл, гагнуур зэрэг мэргэжлээр ажиллах хүн олдохгүй. Үйлчилгээний салбарт ажлын байр гараад, ажиллах хүчин дутагдаж байгаа атлаа нөгөө талд дээд сургууль төгссөн ажилгүй залуус орон нутагт дүүрэн. Үүнийг өөрчлөх талаар төр бодлого гаргах цаг нь болчихжээ.
Аймгуудад байгаа МСҮТ-үүд суралцагч байхгүй, хоосон анги танхимтай байна шүү дээ. Тиймээс намрын чуулган эхэлсний дараа энэ асуудлыг хөндөж тавина. Боловсролын сайдтай ч энэ талаар ярилцсан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлд суралцаж буй залуусыг дэмждэг, төрөөс анхаарлаа илүү хандуулахгүй бол барилгын салбарт гэхэд л асар их мөнгийг бид гадагшаа алддаг. Гаднаас баахан хятад ажилчид оруулж ирээд ажиллуулж байна шүү дээ. Энэ мэт асуудлыг засч залруулаач гэж орон нутгийн иргэд хүсч байна.
-Та гишүүнээр ажиллаж эхэлснээс хойш хэвлэл мэдээлэлд тийм ч ойрхон байсангүй. Аймагтаа юм хийж байна уу, эсвэл танхимд бүгээд суучихав уу гэх мэтээр хэвлэлийнхэн ч таныг бишгүй чимхсэн байх. Энэ хугацаанд тойрогтоо хэр анхаарал хандуулж ажиллав?
-УИХ-ын гишүүн болчихлоо гээд юу ч хамаагүй ярьж болохгүй л дээ. Би тийм хүн биш. Ер нь эцэг эхээс олгосон хүмүүжил минь ч юу ч хийгээгүй байж сагсалзаж, хөөрөхийг урьтал болгодоггүй. Энэ хугацаанд хэвлэл мэдээллээс хол байлаа гэж хэвлэлийнхэн шүүмжилдэг. Гэхдээ би тэгж хийлээ, ингэж юм өглөө гэж зарлахаас илүү, тойргийн иргэддээ хэрэгтэй зүйлийг нь сонсоод л хийгээд өгчихсөн нь дээр гэж бодож явлаа.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тойрогтоо чамгүй их ажил амжууллаа. Өвдсөн зовсон нутгийн ах дүү нартай туслах тохиолдол ч олон бий. Нэг жил гаруйн хугацаанд хувиасаа 180 сая гаруй төгрөгийг орон нутгийн бүтээн байгуулалтад зарцууллаа. Өмнө нь ямар ч харилцаа холбоогүй байсан Дэлүүн сумынхаа хэд хэдэн багт үндэсний оператор “Жи мобайл”-ийн сүлжээ оруулж өгсөн. Мөн хоёр ч гүүрийг аймгийнхаа Алтай суманд өөрийн хөрөнгөөр барьж өглөө. Аймагтаа орчин үеийн тоноглол бүхий түргэн тусламжийн машиныг мөн л өөрийн хөрөнгөөр шийдэж өгсөн. Малын генийг сайжруулах талаар анхаарч сүүний чиглэлийн ямаа үржүүлэх төслийг аймагтаа эхлүүлээд байгаа.
Төслийн хүрээнд Франц улсын дэлхийд алдартай сүүний чиглэлийн “Альпин” үүлдрийн ухнаар нутгийн сүүлэг хэвшлийн тулман хөхт ямаагаар эрлийзжүүлэн Монгол ямааны сүүн, ноолуурын ашиг шимийг нэмэгдүүлэх юм. Энэ төсөл 2021 он хүртэл хэрэгжинэ. Гэх мэтээр олон ажил хийсэн. Тэр болгоныг дурьдаад яах вэ.
-Намрын чуулган эхлэх нь. Ирэх оны төсөвт Баян-Өлгий аймагт ямар ямар бүтээн байгуулалт хийлгэхээр төсөвт тусгах бодол байна?
-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хамгийн тулгамдсан асуудал болчихлоо. Тэр тусмаа миний сонгогдсон Дэлүүн суманд дотуур байрны хүрэлцээ маш муу. Хамгийн их хүн амтай сум атлаа сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүрэлцээгүй байгаа. Миний хувьд асуудлыг оруулчихсан байгаа.
-Өвөл хаяанд ирчихсэн байхад монголын төр эзэнгүй, сайдууд нь үүрэг гүйцэтгээд л сууж байна шүү дээ. Энэ шийдвэрийг гаргахад АН-ын оролцоо их байсныг нуух аргагүй. Тиймээс төр эзэнгүй байгаа хариуцлагыг та бүхэн ч үүрэх ёстой байх?
-Мэдээж ард түмэн сайнаар хүлээж авсангүй. Та нар Засгийн газраа огцруулчихлаа гэж алгаа ташаад угтахгүй шүү дээ. Тэр тусмаа өвөл хаяанд ирчихсэн ийм үед төр засгийн тогтворгүй байдлыг хэн ч хүсэхгүй. Хэдийгээр бид огцруулах талд кноп дарсан ч Монголын төр эзэнгүй байгаасай гэж хүсээгүй нь тодорхой. Шийдвэр гаргах мэдээж амаргүй байсан. Гэхдээ төр хариуцлагатай байх, хэлсэн үгэндээ эзэн болж, ялсан нам нь амлалтаа биелүүлэх ёстой гэсэн энгийн шаардлагаас үүдэж огцруулах талд кноп дарсан. Хариуцлагын асуудал л яригдсан гэсэн үг.
Тэрнээс биш МАН-ын мууг үзэх гэсэндээ ийм шийдвэр гаргаагүйг манай сонгогчид ойлгож байна лээ. Одоо нэгэнт шийдвэр гарчихсан. Тиймээс дараагийн Засгийн газраа яаралтай бүрдүүлж, ажилдаа ормоор байгаа юм. Би МАН-ын зарим гишүүдэд энэ тухай ч хэлсэн. Засаг төрийн ажил хэцүүдлээ, дотоод хэрүүлээ болиод дараагийн ажилдаа анхаарвал яасан юм бэ гэдгийг хэлж байгаа.
Таны хэлсэнчлэн, Ардын намтай АН-ынхан нийлээд Засгийн газрыг огцруулчихлаа гэж шүүмжлэх хүмүүс бий. Үүнийг буруутгах аргагүй. Дахин хэлье, бид МАН-ын мууг үзэх гэсэндээ, эсвэл намынхаа эрх ашгийг бодож ийм шийдвэр гаргаагүй юм. Бид хариуцлага л тооцсон. Хэлсэн үгэндээ эзэн байхыг сануулсан хэрэг. Хүүхдийн мөнгө өгнө гэсэн амлалтдаа тэд хүрээгүй. Долоон төрлийн татвар нэмсэн. Эдийн засгийг хямралаас гаргана гэсэн атлаа зээл тусламжид найдаж суусаар өнөөдрийг хүрлээ. Энэ мэтээр олон шалтгаан байсныг бид огцруулах кноп дарахын өмнө хэлсэн. Би энэ талаар өмнө ч байр сууриа илэрхийлсэн байгаа. Ардын намын гишүүд өөрсдөө л хариуцлага тооцсон. Намаа шинэчлэхийг хүссэн үү, эсвэл албан тушаалд дурласан уу гэдгийг би хэлж мэдэхгүй.
Хөдөө орон нутагт малчид малаа зарж, борлуулж чадахгүй байгаа. Дулааны станцууд бэлтгэлээ ч хангаагүй сууж байх жишээтэй. Өвөл зуд болно гэсэн атлаа өвөлжилтийн бэлтгэл хангаагүй л байна шүү дээ.
-Орон нутаг хүртэл дарга цэрэггүй болчихоод байгаа гэх юм. Зарим нь төрийн мөнгөөр тансаглаад амарч зугаалж яваа гэх. Танай аймгийн тухайд өвөлжилтийн бэлтгэлээ хангасан уу?
-Өвөлжилтийн бэлтгэл хангалтгүй байна. Дээр дооргүй л үймэлдэж байгаа гэх юм. Дээд дарга нар нь хөлөө олохгүй учраас доогуур ажиллаж байгаа нь төрийн ажилд биш намын ажилдаа анхаараад явчихсан байна гэсэн шүүмжлэл гарч байна лээ. Нийт нутгаар гандуу, малчид энэ өвлийг яаж давна аа гэж сандарч байна. Төр засаг хурдан бүрдэх л хэрэгтэй байна даа.
-АН-ын зарим гишүүд дотор Засгийн газрыг огцруулахгүй гэсэн бодолтой хүмүүс мэр сэр байсан. Та ямар итгэл үнэмшлээр дарав. Магадгүй тохироо байв уу гэсэн хардлага байна. Албан тушаал амлав уу гэх мэтээр?
-Ерөөсөө л хариуцлага яригдсан. Намд хайрцаглагдсан зүйл байхгүй. Ардчилсан нам дандаа төр огцруулдаг гэж шүүмжилсэн хүмүүс байгаа юм билээ. Бид биш ээ. МАН өөрсдөө л хариуцлага тооцлоо. Харин бидний кноп хэний талд очих вэ гэдэг нь тийм том асуудал биш. Өмнө хэлсэнчлэн, хүүхдийн мөнгөө өгөөгүй, амлалтаа биелүүлээгүй засгийг бид өмөөрөх шаардлагагүй шүү дээ. Манай тойрогт гэхэд зөвхөн хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг өчнөөн олон айл бий. Уг нь хүүхэд бүрт ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг өгөх ёстой. Гэтэл сонгуулийн үед хүүхэд бүрт өгчөөд, ялагдсаныхаа дараа дахиад л өгөхгүй зогсоочихсон. Ийм байж болохгүй. Бид албан тушаал аваагүй. Хэлсэн ярьснаасаа буцсан учраас хаа хаанаа л хариуцлага яригдлаа.
-Гишүүдэд нэг сая ам.доллар амласан гэж үнэн үү?
-Би ийм юм олж сонсоогүй юм байна. Ер нь АН-ынхан хэзээ ч албан тушаалд дурлахгүй.
-Дараагийн Засгийн газар байгуулагдсаны дараа мөн л хариуцлага яригдаж, огцруулах асуудал үүсвэл хэрхэх вэ. АН бас л огцруулах талд кноп дарах уу?
-“Дахиад огцорвол сайн л биз” гэсэн бодол зарим улстөрчдөд байдаг л байх. Би хувьдаа тийм зүйл хүсэхгүй байна. Шинэ Засгийн газар гарч ирээд ажлаа хийх ёстой. Өмнөх алдаанаасаа суралцаад илүү эрч хүчтэйгээр, өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд хичээх хэрэгтэй. Тэгсэн байхад огцруулна, хариуцлага тооцно гэж дэмий улстөржилт хийхгүй биз дээ. Би хувьдаа тогтвортой байдлыг хүсч байна. Энд нам, улстөржилт хамаагүй.
Ард түмний амьдрал, улсынхаа эдийн засгийг бодсон ч төр тогтвортой ажиллах ёстой. Үлдсэн гурван жилд нэг зүгт хараад ажиллачихмаар байна шүү дээ. Урьд нь намайг ингэсэн, дахиад ингэнэ гэсэн өс хонзонгийн улс төр явахгүй гэж найдаж байгаа. Өмнө нь манай нам ч олон удаа засгаа огцруулж явлаа. Тэр үеийн нийгэм, хүмүүсийн сэтгэхүй өнөө үеийн нийгэм хоёр өөр. Эв нэгдэлтэй л явсан нь дээр дээ.
-Засгийн газрын бүтцийг томруулах тухай ярьж байна гэсэн. Танд дуулсан зүйл байна уу?
-Одоогоор мэдсэн зүйл алга. Дэд сайд байх, байхгүй тухай яригдаж байгаа гэсэн. Гэхдээ улс орны эдийн засаг хямралтай, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа ийм цагт энэ албан тушаал хэрэггүй л дээ. Ер нь дөрвөн жилийн хугацаагаар ээлжилж солигдоод байгаа энэ бүтцийг өөрчлөх ёстой гэж боддог юм. Нэг нь гарч ирээд нөгөөхөө үгүйсгэдэг, эсвэл албан тушаал үйлдвэрлэж ард түмнийг бухимдуулж байхаар тарсан ч дээр юм уу гэх мэтээр шүүмжлэлтэй хандах зүйл олон бий. Гэхдээ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад Ардын их хурал гэж байсан шиг дээд, доод танхим байгуулаад, хяналтаа сайжруулчихвал гэмгүй юм болов уу гэж боддог. Богино зайны улстөржилт ард түмнийг талцуулж, ах дүүг хүртэл хагаралдуулж байна шүү дээ.
-Яамдын тоог нэмэх нь зөв үү?
-Буруу. Төр хэтэрхий данхайж байна.
-Буруу гэж ярих нэг өөр. Үүнийг улс төрийн сэдэв болгоод асуудлыг хөндөх нь өөр хэрэг. Өнөөдөр АН хүүхдийн мөнгө чухал гэж яриад байгаа атлаа энэ талаар асуудлыг хөндөхгүй байна. Сөрөг хүчний дуу хоолой хаана байна вэ?
-Таны шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ бүх зүйл буруу гэж микрофоны өмнө хий хоосон ярих уу гэдгээ бодох ёстой юм. Хэн ч хэвлэлээр эсвэл микрофон аваад улстөржиж болно. Чанга дуугаар ч ярьдаг, популизм хийдэг улстөрчид одоо ч байгаа. Би хувьдаа тийм хүн биш. Дэмжихгүй байгаа бол тэр үзэл бодолдоо л үнэнч зогсчихдог. Наанаа ярьж байгаад цаана нь өөр шийдвэр гаргаад сууж болохгүй л дээ. Ард түмэн үнэндээ ийм жүжгээс залхсан. Би нэг зүйл яриад л, өөр нэг улстөрчид дахиад өөр зүйл яриад байвал хэн ч итгэхгүй биз дээ. Тиймээс үг үйлдлээрээ л үүнийг харуулж, бид хариуцлага ярилаа. Энэ бол сөрөг хүчний дуу хоолой, улстөржилт. Оноо авах гэсэн популизм одоо хоцрогдсон.
-Төрийн тодорхойгүй байдлаас болж эдийн засаг хэцүүдлээ гэж сүүлийн үед их ярилаа. Монгол Улсын эдийн засгийн амь тариа болсон Валютын сангийн хөтөлбөр зогсчихлоо. Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв үү?
-Зээлтэй хүн хариуцлагатай амьдардаг. Унтаж чаддаггүй. Өглөө сэрэхдээ зорилготой босдог. Нэг үг байдаг даа. “Холын хамаатнаас ХААН банк дээр юм аа. Өдөр болгон зээлээ нэхэж залгадаг” гэж ярьдаг даа. Өөрөөр хэлбэл, унтаж байгаа хүнийг сэрээж байна. Урагшаа яв, ажлаа хий, зээлээ төл гэж залгаж байна. Зээл авснаар бид хариуцлагатай болсон. Гэхдээ улстөржилт хийж бэлнээр тарааж, бүтээн байгуулалт хийхгүй бол түүн шиг хэрэггүй зүйл байхгүй. Хийж чадна гэж байгаа бол зээл авах нь буруу биш.
Хөгжингүй орнууд бүгд л зээлтэй. Тэд энэ мөнгөөр бүтээн байгуулалт хийдэг. Манайх шиг халамжид тараахгүй. Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд буруу зүйл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хөтөлбөр цаашаа хэрэгжээд явсан нь зөв байх. Утаа гэж зууханд мөнгө үрэх бус үүнийг арилгах дэвшилтэд технологи, шинэ санаачилгыг бид бий болгох ёстой. Миний бодлоор нийслэлийг утаанаас салгахын тулд Улаанбаатар хотод 6-8 МВт цахилгаан станц барьчих хэрэгтэй. Хотын түгжрэлээс салахын тулд Их дээд сургуулиа нүүлгэчихэд л болоод явчихна. Эдгээрийг хийхэд мэдээж мөнгө хэрэгтэй. Тэрний тулд бид дотооддоо нөөц боломжоо ашиглаж чадахгүй бол гаднаас зээл тусламж аваад шийдэж болно.
-Уг нь бид зээл авахгүйгээр хөгжих боломжтой шүү дээ. Гэтэл том төслүүдээ зогсоочихлоо. АН-ын бүлэг Тавантолгойн төслөөс хишиг хүртээх гээд хууль санаачлаад явж байна. Гэтэл энэ толгойг ашиглах боломжгүй л хэрэлдээд сууж байна шүү дээ?
-Нэг эдийн засгаас хэт хараат байгаад л асуудал байна. Нэг хүн л надад юм худалдаад байхаар хэдэн төгрөгөөр ч авсан миний дур болно шүү дээ. Тэгэхээр өрсөлдөөн хэрэгтэй байна. Зах зээлээ тэлэх хэрэгтэй. Тэгэхээр дан ганц өмнөд хөрш бус ОХУ цаашлаад Япон, Солонгост гаргах боломж байна. Ингэж чадвал заавал зээл авахгүй асуудлаа шийдэж болно.
Б.Өнөртогтох