Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиев нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг ноён Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Жогорку Кенешийн даргын түвшинд анх удаагаа Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалд парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Монгол, Киргиз улс хооронд ээлж дараалан төрийн дээд, өндөр хэмжээний айлчлалуудыг давтамж нэмэгдсэний үр дүнд нь хоёр улсын худалдааны эргэлт даруй 5 дахин нэмэгдээд байна. Үүнээс гадна Монголын хувийн хэвшлийн компаниуд тус улсын зах зээлд үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж байгааг УИХ-ын дарга тодотголоо.