Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өнгөрсөн долоо хоногт дуудаж, тайлбар мэдүүлэг авчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнээс Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхтэй холбоотой асуудалд тайлбар авсан гэх мэдээлэл байна. Гэхдээ ганцхан энэ асуудал биш. Түүнд АТГ-т шалгагдаж болох олон асуудал байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. Тухайлбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах болсон нэг том шалтгаан нь концессын асуудал. Тэгвэл "Мэргэжлийн" Засгийн газар маань Н.Номтойбаярын “МАК” компанид 78 тэрбум 752 сая 800 мянган төгрөгийн концессын эрх олгосон гэдэг. Харин энэ талаар ямар нэгэн хуулийн байгууллага шалгаагүй, эсвэл угаасаа шалгахгүй байж ч магадгүй. Учир нь Засгийн газар огцруулах чуулганы нэгдсэн хуралдааны өмнө сэтгүүлч түүнээс "Засгийн газрыг огцруулах асуудлын нэг нь танай компаний авсан концесс билээ" хэмээн асуусан. Харин Н. Номтойбаяр "Сэтгүүлчид та нар намайг шүүхэд өгөөч" хэмээн бардам инээмсэглэж зогссон. Юутай ч энэ асуудлаар түүнийг шалгаж байж ч магадгүй гэсэн бор шувуу нисээд эхэлчихлээ. Эсвэл түүнийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаа ашиглан компанийнхаа 1600 Хятад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс өөрөө тушаал гаргаж чөлөөлсөн гэдэг ч асуудал ч яригддаг. Энэ мэтээр шалгагдаж болох олон "Но"-той хүний нэг. Тиймээс АТГ-ынхан Н.Номтойбаярын "Но"-г илрүүлэх гэж байна уу, Эсвэл...