Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэхээс гадна Гал унтраах техникийн олон төрөлт спортын байлдааны тархалт, шүхэрчин аврагчид, эрэлч нохойн үзүүлэх тоглолтуудыг сонирхуулсан юм.
Онцгой байдлын байгууллага гал унтраах дрон, робот зэрэг техник хэрэгслүүдийг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ.
Гал унтраах дрон нь 70 км/цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 км-ийн радиуст нисэх, цельсийн -40-70 градусын нөхцөлд бүрэн ажиллаж, ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг гурван төрлөөр гал унтраах үүрэг гүйцэтгэх зориулалттай бөгөөд 17-20 м/секундын хүчтэй салхинд ч ажиллах чадамжтайгаараа онцлог юм.
Харин гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг, секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх хэлбэрээр 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай аж.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн юм.