АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн бөгөөд өчигдөр олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү алтан медаль хүртэв.
Тодруулбал, эхний өдөр Монгол Улсын шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Манай тамирчин Монголын жүдочдын зургаа дахь алтан медалийг хүртсэн нь энэ. Б.Баасанхүү 2024 он улсын аварга, Азийн аварга, Душанбегийн “Их дуулга”, дэлхийн аварга гэсэн дөрвөн том тэмцээнд дараалан түрүүлж байгаа нь энэ. Ингэснээр тэр албан ёсоор Парисын олимпыг зорих тийзээ захиаллаа. Монголын жүдо бөхийн холбооноос дэлхийн аваргын дараа олимпод оролцох бүрэлдэхүүнээ зарлах байсан. Улмаар 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нарын дунд сорилго явуулж байлаа. Тэгвэл сорилгын ялагч нь сүүлийн дөрвөн тэмцээнд түрүүлсэн Б.Баасанхүү болов. Түүнийг дэлхийн аварга болсны дараа олон улсын хэмжээний мастер, жингийнх нь өрсөлдөгч Г.Наранцэцэг “Дүү минь баяр хүргэе. Олимпын наадамдаа амжилт гаргаж, түрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Монголын жүдочдоос 2009 оны Нидерландын Роттердам хотод болсон жүдо бөхийн ДАШТ-д анхны дэлхийн аварга төрж байлаа. Тэр түүхийн эзэн нь “Афин-2004” олимпын наадмын хүрэл медальт, “Доха-2006” Азийн наадмын аварга, Азийн аварга гавьяат тамирчин Х.Цагаанбаатар юм. Тэгвэл түүний араас 2013 онд хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, 2014 онд гавьяат тамирчин Г.Болдбаатар, 2017 онд хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, 2022 онд гавьяат тамирчин Ц.Цогтбаатар нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлж байлаа. Харин Б.Баасанхүү Абу Дабид төрийн дууллаа эгшиглүүлснаар Монголын зургаа, эмэгтэй гурав дахь дэлхийн аварга болов. Түүнчлэн тэр дэлхийн аваргаас Монголын жүдочдын 40 дэх медалийг авчирч байна.
Тэгвэл түүнтэй нэг жинд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг шагналт VII байрт шалгарсан юм.