“Сонгогчдын боловсрол”-д зориулсан энэ удаагийн “Прогноз” буландаа УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийг онцолж байна.
Тус дүүрэг нь 335.703 хүн амтай бөгөөд 94132 өрхтэй. Үндэсний томоохон үйлдвэрүүд байрладаг. Сүүлийн найман жилд МАН засаглаж байгаа. Хөгжлөөрөө нийслэлийн төвийн зургаан дүүргээс “адагт” үнэлэгдэж, хог шороо, тог цахилгаан, зам харгуй, дэд бүтэцгүйгээрээ муулуулдаг ч өнөөдөр харин бага зэрэг өөрчлөлт шинэчлэл хийгдсэн юм билээ. Гэлээ ч ажилгүйдэл, ядуурал хамгийн ихтэй хэвээр байгаа. Сонгинохайрхан дүүрэгт “гал” гарсан өрсөлдөөн, хөгжлийн бодлогын мэтгэлцээн жинхэнэ утгаараа өрнөх нь ээ. Гэхдээ гол тулаан МАН-ын Н.Алтаншагай, Ч.Номин, АН-ын Н.Алтанхуяг, П.Галиндэв нарын дунд өрнөх бололтой.
Н.Алтанхуяг, П.Галиндэв нарын хоршил МАН-ын ноёрхлыг бут цохих уу
Сүүлийн найман жил МАН-ын ноёрхол тогтож, Н.Учрал нарын “вант улс” болтлоо тусгаарлагдаж, тойрог татуулсан тус дүүргийн эрх мэдлийг задалж, санал хуваах чухал сонголтыг АН-ынхан хийж чаджээ. Тэд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, АН-ын залуу лидерүүдийн нэг П.Галиндэв, АН-д саяхан элсээд буй гадаадад боловсрол эзэмшсэн Н.Амаржин, сэтгүүлч Ж.Отгонбаяр, Ц.Уянга зэрэг нас, насны төлөөллийн хүмүүсийг баг болгон илгээж, хүч үзэхээр шийдсэн бололтой.
Дэгсдүүлж хэлбэл, АН-ын дарга Лу.Гантөмөрийн ханцуйндаа нуусан “хожлын хөзөр” нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарын хоршил ч байж мэднэ. Нэгэнт тогтсон бат бөх ноёрхол, нэг намын торлож гинжилсэн сонгуулийн системийг жирийн нэг улстөрч хэзээ ч задалж чадахгүй. Цаашлаад шаанс нь ч хүрэхгүй. Харин Н.Алтанхуяг гишүүний хувьд 2008 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон байдаг.
Мөн уугуул суугуул дүүрэг нь учраас дүүргийнхээ зовлон жаргалыг мэднэ. АН-ын дэмжлэг хаялгагүйгээр бие даагаад ч ялж чадна гэдгээ 2020 оны сонгуулиар Орхон аймагт ялалт байгуулан харуулсан билээ. Шударга бусын хонгилоор чирэгдэж, бүлэглэлтэй тэмцэж явахдаа намаасаа хөөгдсөн ч 19 мянган орхончуудын саналаар УИХ-д орж ирсэн шийртэй эр.
Тиймдээ ч АН-ынхан энэ тойрогт ялж чадна хэмээн бат нот итгэж буй учраас түүнийг илгээсэн хэрэг биз. Н.Алтанхуягийн тухайд Физикийн багш мэргэжилтэй бөгөөд МУИС-д багшилж байгаад 1990 оноос улс төрд орж ирсэн. Улмаар, АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Монгол Улсын тэргүүн Шадар сайд зэрэг төрийн өндөр албан тушаалуудыг хашиж ирсэн юм.
Түүний улс төрийн хамтрагч, багийн тоглогч болох П.Галиндэвийн хувьд мөн л Сонгинохайрхан дүүргээс ДИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажилласан туршлагатай юм билээ. Тэгэхээр Сонгинохайрхан дүүрэг тэдэнд шинэ газар, шинэ орчин биш гэсэн үг. Үүнийгээ ч Н.Алтанхуяг дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгож “Миний амьдарч байсан дүүрэг учраас асуудал бүхнийг нь мэднэ” хэмээсэн байна билээ. Тэр хоёрт энэ дүүрэгт сонгуульдаж явсан туршлага байгаа учраас тодорхой хэмжээний бэлтгэгдсэн бааз, суваг ч бий.
Үүндээ түшиглэж, хоршлоо тултал хийж чадвал Сонгинохайрхан дүүрэгт “тамга” атгах ч магадлал маш өндөр. Н.Алтанхуягийн улс төрийн туршлага, мэдлэг боловсрол, П.Галиндэвийн эрч хүч, чадвар, шинэ үеийн дуу хоолой нь хоршиж гэмээнэ МАН-ын тогтоосон ноёрхлыг задлах боломжтой.
П.Галиндэвийн тухайд “Чингис соосэ” Олон улсын сургууль, Удирдлагын академи, МУИС-ийг тус, тус төгссөн бөгөөд дипломатч мэргэжилтэй. АНУ-д Харвардын Их сургууль мэргэжил дээшлүүлсэн. Намтар судлалын хүрээлэнгээс ажлын гараагаа эхэлж, 2008 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсоноор улс төр, намын ажилтай холбогджээ. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн дарга зэрэг төрийн өндөр алба хашиж байсан туршлагатай. 2015 онд АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг удирдаж байсан тэмцэгч залуу. Тэдэнд туршлага, улс төрийн ур чадвар хангалттай байгаа. Ялалтын хөзрөө ч ханцуйндаа нуучихсан яваа хоёр. Иймд цул хэлбэрээ алдалгүй нэгдэхэд л болох асуудал билээ.
Тэдний багт залуу үеийн төлөөлөл буюу Улс төр судлаач Н.Амаржин, сэтгүүлч Ж.Отгонбаяр, Ц.Уянга нарын танигдаагүй кандитатууд орж ирсэн ч хүчтэй удирдагчийн гарт зөв зангилагдаж чадаж гэмээнэ зөв замаар явах бүрэн боломжтой. Н.Амаржингийн хувьд АНУ-ын Колорадогийн Их сургуулийг төгссөн, англи хэлний багш, комедиан гэдгээрээ залуусын дунд танигдсан. Багийнхаа дэмжлэг дунд зөв “хөвж” чадвал амжилт үзүүлэх болов уу.
Түүнээс олны дэмжлэгийг тийм ч их цуглуулахгүй байх. Ж.Отгонбаярын хувьд ч ялгаагүй улс төрд шинэ нэгэн. Сэтгүүлч мэргэжилтэй учир салбарынхандаа танигдсан. Харин “Элийрэгч” нэрээр цахим орчинд олны танил болсон Ц.Уянга элдвийн шүүмжлэлээр олны эгдүүцлийг төрүүлдэг учраас дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй. “MAD” компанийн захирлын албан тушаалтай бөгөөд сүүлд улс төрд орж ирсэн, мөн л АНУ-д боловсрол эзэмшжээ.
МАН-ын нэр дэвшигчдийг Ч.Номин өнгөлж, П.Сайнзориг, Н.Хүрэлбаатар нар улдан чангаах уу
Эрх баригч намын хамгийн их ач холбогдол өгдөг, хэзээ ч сул хаядаггүй, үргэлж, өнгөлж тордож явдаг “мөнгө” харамладаггүй дүүрэг бол Сонгинохайрхан. Тэр хэрээрээ чадвартай, чадалтай боловсон хүчнийг “сойдог”, шандсыг нь сорьдог гэж хэлж болно. Гэтэл энэ тойргоос гарсан чадалтай улстөрчдөө бүгдийг нь ийш тийш явуулж орхиод эсрэгээрээ шинэ нэр дэвшигч нарыг оруулж ирсэнд олон хүн гайхаж буй.
Өнөөг хүртэл сул орон зайгүй, цул болж ирсэн газар учраас өнгөрсөн хугацаанд хоёр ч Хотын мээрийн “өлгийдөж”, “Сонгинохайрхан фракци” нь улс төрийн хүрээнд хамгийн их анхаарал татдаг байлаа. Тэгвэл МАН-ынхан энэхүү том орон зайд УИХ-ын гишүүн Э.Батшугар, Соёлын сайд Ч.Номин, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Хотын даргын орлогч П.Сайнзориг, Анагаах ухааны доктор, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлэхээр сонгосон байх юм.
УИХ-ын гишүүн Э.Батшугарын хувьд улс төрд аавынхаа хүчинд өдий зэрэгт хүрч, нөхөн сонгуулиар сонгогдож, гишүүний тангаргаа өргөсөн нэгэн. Анхнаасаа “алтан халбага” амандаа зуусан экс Ерөнхийлөгчийн хүүд Монголын улс төрийн дэвжээ тийм ч хатуу байгаагүй юм. Төрийн өндөр алба хашиж, сайн аавын нэрээр газардахгүй яваа түүнд сонгинохайрханчууд дахин итгэл үзүүлэх эсэхээ шийдэх биз ээ. Э.Батшугар мөн АНУ-д боловсрол эзэмшсэн, 2011 он хүртэл АНУ-д ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирж, МАХН-ын Гадаад бодлого хариуцсан нарийн бичгийн дарга болж байжээ. Эндээс улс төрд хөл тавьж, аавын нөмрөөр гишүүн болтлоо ахив.
Соёлын сайд Ч.Номингийн хувьд жагсаалт горилохгүй тойрогт хүч үзэхээр ирсэн нь зөв шийдэл байж мэднэ. АН-ын хүчтэй лидерүүд болох Н.Алтанхуяг, П.Галиндэв хоёрын өөдөөс сөрж чадах, МАН-ын ялалтыг хадгалж үлдэх гэж хичээх цор ганц өрсөлдөгч гэхэд хэтийдэхгүй.
Түүний хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгож, уран бүтээлчдийг дэлхийн хэмжээнд үнэлэгдэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэдгээрээ үнэлэгдсэн. Тэрбээр, Их Британи улсад эдийн засагчаар сурсан, мөн Харвардад боловсрол дээшлүүлсэн намтартай. “Тэрэлж” зочид буудал, “HD Монгол” телевизийг удирдаж, хэвлэлийн салбарт чамгүй нэр төртэй ажилласан.
Түүнтэй хоршиж гар нийлэх хүн нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүргийг удирдахдаа чамгүй ажил хийх гэж оролдсон юм билээ. Сайн, муугаар хангалттай яригдсан, бичүүлсэн. Харин түүний ажилд ямар дүн өгөх нь энэ удаагийн сонгуулиас харагдах учиртай. Н.Алтаншагайгийн тухайд МУИС-ийг Улс төр судлалаар дүүргэж, Удирдлагын академид Төрийн удирдлагаар мэргэжил дээшлүүлжээ.
Хотын даргын орлогч П.Сайнзориг нь хуульч мэргэжилтэй. Өмнө нь танигдаж амжаагүй ч Х.Нямбаатарыг Хуульзүйн сайд болсны дараа ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, томоохон хуулийн төслүүдийг гардан хариуцаж олонд танигдсан. Хэн ч хаанаас ч харсан Хотын дарга Х.Нямбаатарын хөтөлж яваа хүн. Томилгоо бүхэндээ Х.Нямбаатар дагуулж явдаг. Хотын даргын нэгдүгээр орлогчоор очсон цагаас нэр хүнд нь унаж, хүн загнадаг хурган “коммунист” болтлоо адлагдсан билээ. Тиймээс сонгинохайрханчууд түүнд загнуулаад суух нь юу л бол. Даргынхаа бэлдсэн хөлд найдаж болох ч санал савлагаатайг санахад илүүдэхгүй байх аа. Найдлага ч бага гэдгийг сануулахад илүүдэхгүй.
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хувьд нэгэн цагт дуулиан, шуугианы эзэн болж байв. Их хэмжээний мөнгөтэй сэйфний эзэн болж, нисэх онгоцны буудлаас баривчлагдаж байсан удаатай. Хэрэг хуучирч, олон нийт өөрийг нь мартсан хэмээн найдаж, сонгуульд өрсөлдөх эрхээ авсан биз. Гэвч ард түмэн тэнэг биш. Түүнд нам байгаа ч нэр хүнд байхгүй. Намынхаа бусад гишүүн болон багийнхандаа найдаж, өрсөлдөх эрх өвөртөлсөн ч дэмжлэг авах эсэх нь мөн л эргэлзээтэй. Сөрөг хүчинд боломж олгож буй сул өрсөлдөгчийн тоонд багтаж байна.
Бизнес эрхлэгч Г.Майцэцэгээр бамбайлсан ХҮН-ын “хэн ч биш”-үүд
УИХ-д гуравдагч хүчний үүрэг оролцоог нэмсэн ХҮН-ын хувьд "Эксклюзив” компанийн үүсгэн байгуулагч, захирал Г.Майцэцэгийг сойж байгаа аж. Хүч сорьсон чанга тойрогт Г.Майцэцэг санал авч, дэмжлэг хүртэх эсэх нь эргэлзээтэй. Үйлдвэрлэгчийн хувьд тэр хал үзэж, халуун чулуу долоосон ч гэлээ улс төрийн рингэн дээр тэр шинэхэн.
Тэр тусмаа эрх баригч нам, сөрөг хүчний намын ийм хүчтэй лидерүүдийн өмнө тэр хүчгүйднэ. Гэхдээ энэ удаа арвин туршлага хуримтлуулж авна байх аа. ХҮН-ын бусад нэр дэвшигчдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хайсан ч төдийлөн сайн олдсонгүй. Тэд салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ч улс төрийн сайн муу, саарыг туулж, рингэн дээр гарч ирж зодолдох хэмжээний хүмүүс болоогүй учраас энэ удаа зөвхөн нэрийн дурдаад өнгөрье. Тус намаас Ш.Отгонтуяа, Ж.Төмөрхуяг, Г.Батзориг, Ч.Баярсайхан нарыг нэр дэвшүүлжээ.