Парисын Олимпод зодоглох жүдочид тодорлоо

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан Парисын Олимпод 10 жинд зодоглох эрхээ авсан бөгөөд жин тус бүрд барилдах жүдочдын нэр тодорчээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 25-нд буюу 13 хоногийн дараа Олимпын бүсэд багтсан тамирчдыг албан ёсоор зарлаж, Олон улсын олимпын хороонд хувийн болон холимог багийн төрөлд өрсөлдөх орныг танилцуулна.

Монголоос эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөх юм.  Харин эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар зодоглоно.

66 кг-д холбооны удирдлагууд болон шигшээ багийн дасгалжуулагч нар гавьяат тамирчин Ё.Басхүүг сонгосон бол 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар бэртлийн улмаас өнжиж, түүнийг олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр орлохоор болсон юм.

Монголын шигшээ багийн жүдочид Хөх хотод Олимпын бэлтгэлээ базааж байгаа бөгөөд 20 хоног үргэлжилнэ. Үүний дараа “Баянгол Ресорт”-д сэргэлтийн бэлтгэлд хамрагдах ажээ. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here