Сонгууль болоход хэдхэн хоног үлдээд буй энэ үед "МИДАС" ТББ-аас сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрт хамааралтай мэдээллийг шалгаж, аль тойрог хэсэгт саналаа өгөхөөр байгааг мэдэж авахыг нийт сонгогчдод хандаж уриалав.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй, 18 насанд хүрсэн эрх зүйн чадамж бүхий иргэнийг сонгогч хэмээн үзнэ гэж зохих хуульд заасан. Хэрэв тухайн иргэн нэрийн жагсаалтад бүртгэлгүй бол сонгогчид тооцохгүй. Түүнчлэн энэ удаагийн сонгуулиар нэг хэсэгт ногдох сонгогчийн тоог цөөлж, шинэ хэсгүүд нэмсэн учир хуучин хэсэгтээ бус өөр хэсэгт хуваарилагдсан байх магадлалтай. Сонгуулийн өдөр сонгогч буруу хэсэгт очиж дугаарлан цаг алдах, саналаа өгөх боломжгүй болох зэрэг асуудал үүсэж болзошгүй. Иймд нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн мэдээллийг цахимаар болон хэсгийн хороонд очиж шалгахын зэрэгцээ “царцаа” байгаа эсэхийг давхар хянах хэрэгтэй гэж тус ТББ-ын захирал С.Энхжаргал ярилаа.
Энэ удаагийн сонгуулиар тус байгууллага нэг хаягт хэт олон сонгогч байгаа эсэх гэх мэт маргаан дагуулсан мэдээлэлд хяналт тавьж байгаа аж.