Автомашины дугаарын давхардал, наймааг таслан зогсооно

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр болж, салбарын хэмжээнд хийж буй ажил, шийдвэрлэх шаардлагатай асуудлаа хэлэлцжээ. Өмнөх шуурхай хурлын үеэр сайдаас өгсөн үүргийн дагуу “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зорчигчийн вагонуудад утаагүй түлш хэрэглэх талаар судалгаа хийсэн байна.

Шахмал түлш хэрэглэх боломжтой ч өртөг нь өндөр байгааг холбогдох албаныхан дуулгасан аж.

Энэ үеэр “Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө” гэх зартай холбоотой хууль бус үйлдэл болон автомашины дугаарын давхардал, наймааг яаралтай таслан зогсоож, хариуцлага тооцохоос гадна шаардлагатай тохиолдолд олон нийтэд зарлахыг сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

Мөн төлбөр авах цэг, товчоо орчимд түгжрэл, дараалал үүсэж байгаа учир мөнгө хураах үйл ажиллагааг бэлэн бус цахим картаар, автоматаар бүртгэдэг системд шилжих ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн байна.