УИХ-ын намрын чуулган ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээр товлоод буй. Тус хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 30-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,  Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон тэдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг өргөн барьсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ “2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил учраас эдийн засгийн хамгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шатыг хэрэгжүүлэх, нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлуудыг дорвитой шийдвэрлэхэд чиглэснээрээ онцлог. Энэ хүрээнд ирэх оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэнэ” хэмээн онцлосон юм.