Генералтай ярилцчихаад буцаж явахдаа нэг л том олз олчихсон мэт цаанаасаа л сэтгэл дүүрээд байв. Зарим хэсгийг нэхэн эргэцүүлэх төдийд уншигчдад бушуухан хүргэх юмсан гэж яарсандаа ч тэр үү нэг анзаарахнээ хурдан хурдан алхаж байв. Нээрэн л хүн хэр удаан амьдарсан нь нэг л шалгуур. Харин юу хийж бүтээв, бусдад тустай дэмтэй явсан уу гэдэг л амьдралын үнэ цэн, үнэлэмж аж. Тэр бүү хэл өөрийн олж мэдсэнээ бусдад харамгүй түгээж, зааж сургаж, өвлүүлэх нь амьдралын утга учир юмсанж. Ийн амьдралынх нь арвин баялаг хүрдний нэгээхэн хэсгийг сөхсөн эрхэм бол олсон, мэдсэн, бүтээсэн, хуримтлуулж түгээснээрээ бусдаас онцгой. Гэхдээ хүмүүсийн өмнө төдийлөн ил гарч “Би” гэж цээжээ дэлдэж байсангүй. Магадгүй өөрөө ч үүнийгээ анзаарч харахгүй байж мэдэх тийм л даруухан нэгэн юм байна. Энэ эрхэм бол төрийн цэргийн байгууллагын шилдэг офицеруудын нэг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Думаагийн Намсрай.
ЭЭЖИЙН ХҮҮ ЭХ ОРНЫ ЦЭРЭГ БОЛОВ...
Д.Намсрай эгнээнээс нь 184 баатар төрөн гарсан Рязаны Агаарын десантын сургуульд Зөвлөлтийн баатарын алтан таван хошуу энгэртээ зүүсэн курсантууд, бусад 20 гаруй орны сонсогчидтой мөр зэрэгцэн алхаж явлаа.
Д.Намсрай генералын цээжинд ээжээс өөрийг багтаах орон зай үгүй. Ижийнхээ 42 насны босгон дээр, ах эгч нараасаа 14 жилийн зайтай айлын хэнз хүү болж энэ хорвоод мэндэлсэн нь 1967 оны намрын нэгэн дулаахан өдөр байв. Аав нь Завханы Баянтэс, ээж Баянхонгорын Богд сумынх бол Д.Намсрай хотын унаган хүү. Хуучнаар Ажилчны район буюу одоогийн Туул тосгон, Шувуун фабрикт эмнэлэгт биш ээжийнхээ халуун энгэрт өлгийдүүлж энэ хорвоод дуугаа хадаав. Тухайн үед Найдан гэдэг хүн гэрт нь ирж эх барихдаа “Найдан жүдүг шиг өнөр, Намсрай бурхан шиг баян яваарай” гээд Намсрай нэр хайрласан гэдэг. Ингэж эх дэлхий дээр хүй цөглөсөн хүү удалгүй гэр бүлээрээ Яармаг руу нүүснээр Туул голд сэлж, Богд уул руу самар жимсэнд явж, морь унаж үхэр, ямаагаа хотлуулах, усаа зөөж түлээгээ хагалж гүйсээр ахуйтай ойр бусдын адил борог амьдралаар торнижээ. Тэр үед Яармаг эзгүй зэлүүд, эрийн гурван наадмын хурдан морьд уралддаг. Сайд нарын Зөвлөлийн гишүүд “дарга” толгой дээрээс морь үзэж сонирхдог байж. Мөн улсыг батлан хамгаалах туслах нийгэмлэгийнхэн Яармагийн дэнж дээр шүхэр, морь, мото спортын үзүүлэх тоглолт зохион байгуулдаг байсан нь сурагч хүүгийн шүхэрчин болох мөрөөдлийг асаажээ. Ингээд Д.Намсрай 1983 он буюу наймдугаар анги төгсөх жилээ шүхэрчний 45 хоногийн курст суралцаж улмаар цэргийн албаа шүхэрчин-байлдагчаар хаав. Энэ бол мөрөөдлийнхөө төлөө “тэг”-ээс тэмүүлсэн, ээжийн хүү эх орны цэрэг болсон цаг үе байв. Өөрөөр хэлбэл, 16 насандаа шүхэрчин болж, 19-тэйдээ цэрэгт татагдсан ч хөх тэнгэрийн орон зайд шүхрээр “нисэж” явахдаа нисгэгч болох шинэ мөрөөдөл зорилго тээжээ. Ийнхүү ардын армийн 084 дүгээр анги хэмээх элитийн тусгай батальон, дайсны гүнд шүхрээр буух үүрэг хүлээдэг нэр хүнд бүхий халимаг үстэнгүүдийн эгнээнд шилжих нь тэр.
Д.Намсрай цэргийн алба хааж байхдаа шалгалт өгч 1987 оны намар хойд хөршийг зорьж ЗХУ-ын Рязань хотод Агаарын десантын цэргийн дээд сургуульд сонсогч боллоо. ОХУ-д төдийгүй дэлхийд нэр хүндтэй. Сонсогчид нь армийн хамгийн хүнд хэцүү дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэдэг. Эгнээнээс нь 184 баатар төрөн гарсан Рязаны Агаарын десантын сургуульд Зөвлөлтийн баатрын алтан таван хошуу энгэртээ зүүсэн курсантууд, бусад 20 гаруй орны сонсогчидтой мөр зэрэгцэн алхаж явсан 37 жилийн өмнөх оюутан цагаа дурслаа.
Агаарын десантын сургуулийг Монгол Улсаас түүхэндээ 30 гаруй хүн төгссөний нэг, тэр дундаа салбартаа ажиллаж буй цор ганц хүн нь манай нийтлэлийн баатар. Шүхрээр буух, усанд шумбах, инженер химийн мэдлэг, цэргийн ар талын хангамж гээд цэргийн бүхий л эрдмийг зааж сургасан нь түүнийг онцгой албаны өндөр үүдээр алхаж орох замыг засаж, ур чадварыг эзэмшүүлсэн гэж боддог гэнэ. Цэргийн эрдмээрээ элит сургуульд таван жил “чанагдана” гэдэг чамгүй өндөр даваа байжээ. Цэргийн сургуулиуд 10-20 км-ын марш тактиктай бол Рязаны курсантууд 65-70 км-т үүргэвч, зэвсгээ үүрээд гүйх нь хичээлийнх нь нэг л хэсэг. Шөнө 03:00 цагт босож шүхрээр буух дадлагаа хийчихээд өглөө 07:00 цагт хоолондоо, 09:00 цагт сургууль дээрээ бэлэн жагсана. Энэ мэт хүнд хэцүү үе тэсвэр хатуужлаас гадна ЗХУ задарсан, рублийн ханш навс унаж олон зүйл “юу” ч биш болсон нийгэм зах зээлийн эгзэгтэй үеийг хойд хөршид туулахдаа ухарч шантарсан удаагүй. Харин ч эсрэгээрээ мөн чанар, цэргийн эрдэм болоод бие бялдарын төлөвшлийг таван жилийн сонсогчийн амьдралаас өөртөө суулгасан нь одоо ч хэвээрээ.
Түүний ажил амьдралын замнал шавхагдашгүй баялаг туршлага, үргэлж өөрийгөө хөгжүүлэгч, суралцагч гэдгийг илтгэнэ. Д.Намсрай Герман Улсад Жорж Маршаллын нэрэмжит коллеж, Японд Улсын хэт хөнгөн нисэх төхөөрөмжийн /мотоделтаплан/ нисгэгчийн курс, НҮБ-ын дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажилтны курс, Иргэний хамгаалалтын газар, АНУ-ын ой, хээрийн түймрийн үеийн онц байдлын удирдлагын курс, Англид Гринфиеллийн их сургуулийн хамтарсан гамшгийн менежментийн курс төгссөн. АНУ-д Европын аюулгүй байдлыг судлах төв, Герман Мюнхень, Бельгийн Брюссель, Вашингтонд удирдах албан тушаалтны сургалтад сууж мэргэжил дээшлүүлсэн агаар десантын командын офицер, авто инженер, төрийн удирдлагын арга зүйч, нисгэгч мэргэжилтэй.
ОНЦГОЙ АЛБАТАЙ ХОЛБОГДСОН ОНЦГОЙ ХУВЬ ЗАЯА
ЗХУ-д бэлтгэгдсэн залуухан офицер 1992 онд сургуулиа төгсөж төрөлх Зэвсэгт хүчний 084-дүгээр ангидаа салаан захирагчаар ирээд жил гаруй болж байлаа. Энэ хооронд алдарт Марзын осол дээр салаагаа удирдан ажиллаж амжив. Гэтэл нэг өдөр Иргэний хамгаалалтын газраас хошууч генерал Г.Дамдинсүрэн дуудлаа. Яваад очтол “Ой хээрийн түймэр дээр шүхрээр буудаг аврагчдын маань сургалт хангалтгүй, нэг л болж өгдөггүй. Мэргэжлийн сургууль төгссөн хүн ирж ажиллах хэрэгтэй байна. Ирэх үү” гэж. Буцаж очоод илтгэхэд “явуулахгүй” гэх дарга нар ч байж. Харин залуу хүний хувьд гамшиг осол, аюулт осолтой тэмцдэг иргэний хамгаалалтын албыг босгох итгэл найдвар төрж шинэхэн дэслэгч онцгой байдлын албатай хувь заяа холбосноос хойш даруй 30 гаруй жил өнгөрчээ. Иргэний хамгаалалтын байгууллагад ирсэн даруйдаа шүхэрчдийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалалд түлхүү анхаарч, гадны байгууллагын дүрэм журмыг судалж орчуулж Монголын хөрсөнд буулгаж батлуулсан нь өнөөг хүртэл мөрдөгдөж буй. Мөн стронци хорт бодис, хүний гоц халдварт холер, шүлхий, гал түймэр, үер ус гээд 1993 оноос хойш Монгол оронд тохиолдсон гамшиг осолтой тэмцэх бүхий л ажлыг Д.Намсрай дарга удирдан зохион байгуулж гардан гүйцэтгэв. Мөн тэр цэргийн их сургуулийн ахлагчийн дамжаа, Иргэний хамгаалалтын газрын шүхэрчин-гал сөнөөгчийн дамжаагаар 150 шүхэрчин-гал сөнөөгч, 48 шүхрийн зааварлагчийг бэлтгэж давхардсан тоогоор 280 орчим шүхэрчин-гал сөнөөгч, зааварлагчийн 30 мянга гаруй удаагийн шүхрийн буултыг осол зөрчилгүй гүйцэтгэснийг тэмдэглэжээ.
Эрхэм генералын онцгой байдлын албанд зүтгэсэн 30 гаруй жилийн тал нь аврах тусгай ангитай холбогдоно. Тэрбээр энэ салбартаа бүлэг, салбар, штабын дарга, захирагчаар ажиллаж, сүүлд өргөтгөж Монгол Улсын төдийгүй бүс нутгийн хэмжээнд аварч хамгаалах томоохон бүтэц байгуулахаар зорьж Үндэсний аврах бригад болгоход анхлан санаачилж гар бие хичээл зүтгэлээ зориулсан нь энэ цаг үед биелэлээ олсон юм. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2018 онд аврах тусгай ангийг өргөтгөж Үндэсний аврах бригад болгосон нь онцгой байдлын албаны үсрэнгүй хөгжлийн нэг яах аргагүй мөн гэдгийг онцлох учиртай. Д.Намсрай генерал “Аврах тусгай анги 1966 оны үерийн дараа байгуулагдсан. Үерийн улмаас Москва, Улаанбаатарын төмөр зам эвдрэхэд сэргээн босгох анги салбар байгаагүй. Тиймээс гамшиг ослын дараа сэргээн босгох анги хэрэгтэй юм байна гэж төв хорооноос шийдэж 1967 оны хавар Төмөр замын тусгай батальоныг байгуулсан түүхтэй. Улмаар Монгол Улсад иргэнээ хамгаалдаг байгууллага хэрэгтэй гэсэн санаачлагыг хурандаа генерал С.Равдан гаргаж 1969 онд Иргэний хамгаалалтын хуулийг батлуулснаар орчин цагийн онцгой байдлын байгууллагын суурь тавигдсан.
Үндэсний аврах бригад бол миний хувьд их сургууль. ОБЕГ-ын дэд даргаар ажиллахдаа аврагчаас эхлээд бүхий л шатанд ажиллаж их том амьдралын сургууль төгссөн, тодорхой хэмжээнд бэлтгэгдсэнээ мэдэрсэн, азтай хэрэг. Арваад жилийн хугацаанд хоёр удаа захирагчаар нь томилогдохдоо аврагчдын ажил амьдралын зовлон жаргалыг хамтдаа туулсан даа” гэлээ.
Аврагчид дунд “На” генерал гэж хүндлэгддэг тэрээр албандаа, аврагчдынхаа өмнөөс үргэлж өмөлзөж, хайрлан хамгаалж явдгаа хэнээс ч нуудаггүй. Тиймдээ ч “Төгс хүн гэж байхгүй. Хүн бүхэнд сайн, муу зан чанар бий. Харин сайн тал нь давамгайлсан хүн бол аврагч юм. Аврагчид дандаа бусдын төлөө явдаг. Амьдралаа, гэр бүлээ, эрүүл мэндээ танихгүй нэгний төлөө золиосолдог. Бусдын төлөө нойргүй хононо, гал, ус руу ордог. Бусдын төлөө даардаг, халууцдаг тийм л хүмүүс. Мөн бусдын өмнөөс чичлүүлдэг.
Хүмүүсийн амьжиргаа дээшлэхийн хэрээр эрсдэл нэмэгдсэн. Тэр хэрээр онцгой байдлын байгууллага өргөжиж иргэдийн эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх ажлыг хийсээр байна. Онцгой байдлын байгууллага өнөөдөр хүчирхэг болж чадсан. 30 гаруй жилийн өмнө нууранд машин живэхэд аврагчид орж чадахгүй хараад зогсож байсан үе бий. Хувцас, техник, туршлага байгаагүй. Нөхөөсөндөө баригдсан завь, дотуур өмдтэйгээ ус руу үсрээд буцаж гарч ирэхдээ спиртээр биеэ арчаад ордог байсан. Энэ үе бол аврагчид зориг, сэтгэл, чадвараас өөр зүйлгүй хүнд хэцүү тарчиг цаг байлаа. Яахав, манайхыг хөгжингүй орнуудтай айхтар харьцуулаад байгаа юм. Бид ойртож л яваа. Багаж хэрэгсэл хангагдах нэг өөр. Аврагчдын ур чадвар бол хаана ч очсон гологдохгүй. Ер нь аврагчдын үүрэг, аврах ажиллагааны технологи гэж нарийн зүйл бий л дээ. Тэр бүгдийг олон нийт ойлгодоггүй. Мэдээж аврагчид бүхий л хүч чадлаа дайчилна. Гэхдээ аврагчид өөрсдийн аюулгүй байдлаа хангах ёстой” гээд шүүрс алдлаа. Харин энэ бүхнийг биеэрээ туулж, нүдээрээ гэрчилж басхүү өөрчлөхийн төлөө цөхрөлтгүй тэмцэж, байсхийгээд л баахан жагсаалт гаргаад бичиг цаас барьж гүйдэг байсан хүмүүсийн нэг нь бригадын генерал юм. Ер нь орчин цагийн онцгой байдлын алба байгуулагдахаас эхлээд хувьсаж өөрчлөгдсөн, хөгжиж цэцэглэсэн бүхий л цаг үед “На” генерал хөл нийлүүлэн, тэгэхдээ бүр тэргүүн эгнээнд жагсаж явна. Үүнийгээ онцгой байдлын албатай онож холбогдсон онцгой хувь заяа гэж хэлэх дуртай.
Аврагчид эрсдэлтэй хамт алхдаг ч эрдэнэт хүний амь, эд хөрөнгө аварчихаад инээмсэглэж зогсох онцгой хувьтай хүмүүс. Гэхдээ нөгөө талд хайртай дотны хүмүүс, гэр бүл үр хүүхэдтэйгээ хамт байх “алтан” цагаасаа татгалзах тангарагтай тийм л хэцүү мэргэжил. Энэ жишгээр Д.Намсрай генералын амьдралынх нь дийлэнх цаг хугацаа хэзээ харих нь тодорхойгүй, гэртээ үзэгдэхгүй явсан он жилүүд даанч их. Монгол оронд сүүлийн 30 гаруй жил тохиолдсон халдварт өвчин, ой, хээрийн түймэр, ган гачиг, зуд турхан, химийн бодисын алдагдал гээд бүхий л цаг үед Д.Намсрай гэдэг хүн аврагч, зааварлагч, удирдагч, даргын хувиар тасралтгүй гар бие оролцож явахдаа гэртээ харилгүй 150 гаруй хоног түймэрт явах нь энгийн л үзэгдэл байж. Ээлжит томилолтоос ирэхэд төрөх дөхсөн эхнэр нь онгоцны буудал дээр угтаж солих хувцас өгөөд явуулж байсан үе ч бий. Ингэж л гэр бүл, хайртай дотны бүхнээ умартаж эх орныхоо төлөө зүтгэжээ. Тэрээр “Нэг мэдэхэд л хүүхдүүд хэлд орчихсон байдаг. Хоёр хүүхдээ төрөхөд нь дандаа томилолттой байсан. Одоогийнх шиг гар утас байсан биш. Сумын холбоо ч олдохгүй. Явж явж ирэхэд хүүхдүүд төрчихсөн бүх юм “бэлэн” болчихсон байдаг. Эхнэр маань л бүгдийг амжуулж ар талыг бат дааж, амьдралаа нуруундаа үүрч ирсэн. Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлана гэж тангараг өргөсөн. Эх орон дуудахад бэлэн байх үүрэгтэй, ийм л хувь заяанд төрсөн. Гэр бүлийн хүн маань намайг иргэний хамгаалалтын байгууллагад орж ирэхээс өмнө энэ албанд ажиллаж байсан. Эхнэр маань надтай ижил онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаад одоо хүмүүнлэгийн ажил хийж байгаа. Хоёр хүүхэд хоёулаа санхүү эдийн засгийн салбарт ажилладаг” гэсэн нь ёстой л онцгой хувь заяаг тодотгох гэлтэй.
“ЦАГААН БЭЭЛИЙ”-ТЭЙ АВРАГЧ
1995, 1997 онуудад Хөвсгөл аймгийн Байшинт, Дүүрэнгийн ууланд осолдсон АН-26, Ю-12 онгоцны осол дээр ажиллаж АН-2 онгоцоор 500 цаг, МИ-8 нисдэг тэргээр 1500 орчим цагийн нислэг гүйцэтгэснийг бригадын генерал цол зүүхэд нь онцолж байв. Ингэж Д.Намсрай генерал нисдэг тэрэгний осол дээр олон ч удаа ажилласан.
Онцгой байдал, тэр дундаа аврагчийн амьдрал хувь заяа эрсдэлтэй, жаргал зовлонтой. 1995, 1997 онуудад Хөвсгөл аймгийн Байшинт, Дүүрэнгийн ууланд осолдсон АН-26, Ю-12 онгоцны осол дээр ажиллаж АН-2 онгоцоор 500 цаг, МИ-8 нисдэг тэргээр 1500 орчим цагийн нислэг гүйцэтгэснийг бригадын генерал цол зүүхэд нь онцолж байв. Ингэж Д.Намсрай генерал нисдэг тэрэгний осол дээр олон ч удаа ажилласан. Гэвч энэ албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ ижил дасал болсон цэргүүдээ алдахаас гадна өөрөө ч онгоцны осолд орж үхэл амьдралын зааг дээр дэнжигнэж, амьд үлдсэнийхээ төлөө бусдад чичлүүлж түүндээ шаналж явсан цаг мөч гашуун дурсамж түүний цээжийг одоо ч хөндүүр болгодог. Энэ бол 2001 оны МИ-8 онгоцны осол. 21 жилийн өмнөх тэр харамсал гашуудал дүүрэн өдрийг Монголын ард түмэн өнөөдөр ч нэхэн дурсдаг. Харин Д.Намсрай бол энэ ослоос амьд үлдэж хорвоод хоёр дахиа төрсөн хүмүүсийн нэг.
2000 он ган, зудтай. Тэр ч утгаараа 2001 онд өвөлжилтийн байдал хүндэрч, 12 сая толгой мал хорогдож, мал амьтан хамар хатгах өвсгүй хүндхэн байлаа. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын хандивлагч орнуудаас тусламж хүсэхээс өөр аргагүй байдалд ороход тусламж олгох ёстой гамшгийн жагсаалтад зуд гэдэг үг байгаагүй. Өөрөөр хэлбэл, дулаан орны хүмүүсийн төсөөлөлд багтахгүй байсан зудын гамшгийг тусламжийн жагсаалтад оруулах эсэхийг шинжлэх багт гадаад, дотоодын зочин төлөөлөгчид багтсаны дотор УИХ-ын гишүүн, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, хэвлэл мэдээлэл, албаны 20 гаруй хүн явав. Тэр дунд Д.Намсрай тушаал биелүүлж томилолт өвөртөлж явлаа. Ийн үүрэг гүйцэтгэж яваад томилолтын гурав дахь өдрийн өглөө Увс аймгийн Малчин суманд осолдож есөн хүн амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон юм. Д.Намсрай генерал энэ бараан түүхийг дурсахдаа өнөө ч хоолой нь зангирч “Онцгой байдлын алба хаагчид хүнд хэцүү, халширам бүхэн дээр очдог. Хэр баргийн хүн дааж чадахгүйг давж гардаг. Тийм ч учраас хатууждаг байх.
Миний хувьд нэгдүгээрт, Ми- 8 нисдэг тэргийг сайн мэддэг, хоёрдугаарт, аврагч хүний хувьд өөрийгөө аварч чадсан. Тухайн үед хүмүүс тэрийг ч аврах ёстой байсан гээд янз бүрээр ярьж бичсэн. Яг тэр цаг мөчид хэн нэгнийг аврах ямар ч боломж байгаагүй. Харин өөрийгөө аврахыг хичээсэн. Аврагч мэргэжлийг эзэмшсэн нь амьд үлдэх, өөрийгөө аврах боломжийг олгосон гэж боддог. Миний хувьд 60 хувийн түлэгдэлтэй, угаартсан, хоёр уушгиндаа хатгаа авсан. Тэр ослоос хамгийн их түлэгдэлтэй, гэмтэлтэй нь би байсан. Хэдхэн секундэд шүү дээ. Ер нь бол тэр үед бурхан болох бүх боломжоо хангачихаад байсан. Азаар нутгийн морьтой хүмүүс таарч машинд хүргэж өгсөн. Эмнэлэгт ухаангүй очсон юм билээ. Бие тааруу, сэтгэл санаа хэцүү. Өнгөрсөн хугацаанд үнэхээр хүнд хэцүү цаг үеийг туулсан. Хамт явсан хүмүүстээ одоо болтол харамсаж, зул өргөж явдаг. Мөнхөд санаанаас уяатай шүү дээ. Хүний хувь заяа зурагдсан байдаг юм гэнэ лээ. Тэр төөргөөрөө л явж байгаа байх” гэсэн юм. Тэр үед Д.Намсрай энэ хорвоод дахин төрсөн. Тиймдээ ч гэр бүлийнхэн нь Намсрай генералын төрсөн өдрийг жилд хоёр удаа тэмдэглэдэг болжээ. Энэ осол түүний амьдралыг Их наран улс, эелдэг дотно японы ахан дүүстэй бат бөх “гагнаж” өгсөн болохоор генерал өөрийгөө Япон, Монголын ард түмэнд өртэй гэж боддог. Онгоцны осолд орчихоод гадаадад гурван сар эмчлүүлэхдээ 20 гаруй жил нөхөрлөж хувь заяагаар холбогдсон хуурай ах дүү бололцсон Япон гэр бүл бий. Тухайн үед япон улсын хоёр сурвалжлагч онгоцны ослоор бурхан болж тус улс онцгой анхаарал хандуулж Монголын гурван иргэний эмчилгээний зардлыг Японы халуун сэтгэлт ард түмний хандиваар босгосон гэдэг. “Би Японоос Монгол руу ирэх шөнө догдлоод унтаж чадаагүй. "Эх орондоо очно" гэж бодохоор нойр хүрдэггүй гэж үнэн юм билээ. Харин Монголдоо ирсэн өдрөө гэртээ хоноогүй, цэргийн найзуудтайгаа амьд үлдсэн тухайгаа ярьж хоносон. Сонин байгаа биз. Энэ алба намайг ийм л зоригтой болгож хүмүүжүүлсэн дээ. Хүмүүс одоо хүртэл намайг гайхдаг л юм. Би өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаасаа няцаагүй, шаардлагатай бүхний төлөө үүрэг гүйцэтгэж явна. Цаг хугацаа хүнийг эмчилдэг гэдэг үнэн.
Япон хүнтэй нөхөрлөхөд ёс зүй, сахилга бат шаарддаг. Би дандаа өсөж дэвжээгүй. Албан тушаал өгсөж уруудах үе байлаа. Алдаа дутагдал гэхээс илүү улс төрийн шалтгаанаар ажлаа өгсөн. 2007 онд миний цэргүүд амь эрсдэж, араас нь очоод тэврээд уйлж суусан мөч миний амьдралын хамгийн хүнд үе. Тэр үед цэргүүдээ холбоогүй явуулж албан тушаалдаа хайнга хандсан гээд надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөрдөн байцаах явцад манай алба хэдэн ширхэг холбооны станцтай байв, хэдэн арван удаа холбооны хүч хэрэгсэлтэй болгохоор хөөцөлдөж гүйж явсан баримтуудыг олж үзээд намайг дуудаж “За уучлаарай, таны хэргийг хэрэгсэхгүй болголоо. Та холбооны хэрэгслийг нөхөн хангуулах, нэмэгдүүлэхийн тулд ямар их хүчин чармайлт гаргаж бичиг цаас болж явсныг бид олж мэдлээ. Та ажлаа хийсэн байна” гэсэн. Дэд даргын ажлаа өгчихөөд Япон найз руугаа утасдахад надаас хамгийн түрүүнд “Чи улсын мөнгө идсэн үү” гэж асуугаад намайг үгүй гэхэд “Би чиний найз хэвээрээ үлдэнэ” гэж хэлсэн. Япон хүний ёс зүй ийм гоё. Хэрэв би авлига, хээл хахуулиас болж ажлаа өгсөн бол бидний 20 гаруй жилийн жилийн нөхөрлөл төгсөх байсан байх л даа.
Өнгөрсөн хугацаанд онцгой байдлын албаны сайн сайхан, хатуу хүтүү, зовлон жаргал бүгдийг бие, зүрх сэтгэлээрээ мэдэрч туулж ирлээ. Зарим үед загнаж зандарч, шаардаж, шахдаг ч гэсэн хэдэн бор цэргүүдээ, аврагчдаа хайрлаж харамлаж явдаг. Хэзээ хаана сэтгэл санааг нь өргөж урам зориг өгөх үү, дэмнэж туслах уу гэдгээ бодох ёстой” гэлээ.
МИ-8 ослын уршгаар Д.Намсрай генералын хоолой нь хүнд түлэгдсэн учраас удаан ярихаар сөөдөг. Мөн хиймэл арьс нь наранд гарахаар харшилдаг учраас байнга цагаан бээлий өмсдөг. Тиймдээ ч энд тэнд аврагчдынхаа араас очих болгонд хаа холоос цэргүүд нь даргыгаа бээлийгээр нь таньдаг “Цагаан бээлий”-тэй аврагч. Аврагчдаа очиж аварсан нь ч цөөн биш. Тэр бол ард түмэн төдийгүй аврагчдын аврагч нь юм.
“ЭЭЖИЙНХЭЭ ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭЖ, ӨӨРИЙНХӨӨ МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛСЭН”
Д.Намсрай генерал 30 гаруй жилийн өмнө анх л Иргэний хамгаалалтын алба гэх их айлын босгоор алхсан тэр л байшиндаа өнөөдөр аврагчдаа сургаж дадлагажуулахаас гадна ОБЕГ-ын гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөр гээд хөглөрсөн их бичиг цаасан дунд “сэлж” сууна. Ус, шүхэр, хими, гал түймэр гээд бүхий л төрлийн аврах ажиллагааны үед аврагчдынхаа дунд явсан учраас сургалт, сэтгэл зүйн онцлогийг ойлгож мэдэрсэн давуу тал түүнд бий. Манай аврагчид зөвхөн Монголдоо биш бүс нутгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх олон улсын зэрэглэлтэй болохын төлөө чармайж байна. Өнгөрсөн хугацаанд Япон, Турк, ОХУ-д ажиллаж үүргээ амжилттай биелүүлээд ирлээ. Энэ туршлагадаа тулгуурлаад сайн, саараа дүгнэж бодлогын бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагын гадаад харилцаа өргөжин тэлсээр байгаа. НҮБ-ын өмнө нэр хүнд сайтай. Дотоодоо ч төр, иргэн, аж ахуйн нэгж гээд өргөн хүрээнд ажилладаг. Олон нийт янз бүрээр л ойлгож хүлээж авдаг л даа. Анх онцгой байдлын байгууллага бий болж байхад анхны асуудал эрхэлсэн сайд өнөөгийн төрийн тэргүүн У.Хүрэлсүх тухайн үед хөрөнгө оруулалт төсвийг тооцож байсан. Тэр үеийн төсвөөр ажиллах юм бол 100 гаруй жилийн дараа тодорхой түвшинд очих юм байна гэсэн тооцоолол гарч байсан. Харин өнөөдөр тав дахин богино хугацаанд буюу 20 жилийн дотор үсрэнгүй хөгжиж 100 жилийн дараах төсөөлөлдөө хүрсэн. Мэдээж нийгэм өөрчлөгдөхийн хэрээр асуудал, эрсдэл байсаар байх болно. Аврагчид эрсдэлтэй хамт явдаг. Бид өөрсдийгөө өмөөрөхгүй. Бас шалтаг яривал олныг хэлж чадна. Аливаа зүйлийг олон талаас нь ойлгож хүлээж аваасай гэж хүсдэг. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө шатах материал харьцангуй химийн бодис багатай байсан. Гэтэл өнөөдрийн шатах тосох материалын шинж чанар, найрлага өмнөхөөс огт өөр, маш хортой болсон. Хүнийг амархан хордуулна, угаартуулна. Энгийн хүн байтугай хорноос хамгаалах багтай байхад хордуулах хүчтэй бодис ялгарч байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна. Шатдаг материалын нэр төрөл химийн найрлага хэдэн жилийн өмнөхтэй харьцуулашгүй болсон байна. Энэ мэт олон асуудал тулгарч байна. Зөвхөн аврагчдыг сургаж бэлтгэхээс гадна хил гаалиар орж ирж байгаа материалаас эхлээд бүхэл бүтэн системээр нь авч үзэхгүй бол болохгүй гэж ярилаа.
Думаагийн Намсрай онцгой байдлын байгууллагад дэслэгч цолтой ороод цэргийн дээд бригадын генерал цолыг зүүлээ. Энэ бол түүний ээжийнхээ нэрийг дуудуулж зогссон хамгийн хайрлам мөч.
Д.Намсрай онцгой байдлын байгууллагад дэслэгч цолтой ороод цэргийн дээд бригадын генерал цолыг зүүлээ. Энэ бол түүний ээжийнхээ нэрийг дуудуулж зогссон хамгийн хайрлам мөч. “Ээж минь бүхий л амьдралынхаа турш миний төлөө л явсан. Миний хүү цэргийн хүн боллоо, зөөлөн байгаарай. Төрийнхөө сүлдэнд залбирч явдаг юм шүү гэж захьсан. Ээжийнхээ үгийг үргэлж бодож бурхан мэт тахиж шүтэж явдаг даа. Ээжтэйгээ мөнхөд хамт байдаг. Ээжийн 1925 оны паспорт миний өрөөнд, хүүтэйгээ үргэлж хамт байгаа. Сургуулиа төгсөөд дэслэгч болж амьдралд хөл алхаад ээж минь бурхны оронд одсон. Би өөрийнхөө хувьд ээжийнхээ хүслийг биелүүлсэн болов уу гэж боддог. Ээжийгээ амьд сэрүүн цагт чихийг нь халууцуулж байгаагүй. Ээждээ согтуу хөлчүү харагдаж, дэргэд нь хүнтэй муудалцаж үзээгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө зогсож ээжийнхээ нэрээр дуудуулан генерал цол хүртэхдээ “Ингээд ээжийн хүү генерал боллоо, мөрөөдлөө биелүүллээ” гэж өөртөө хэлсэн. Хэн бүхэнд тохиогүй хамгийн сайхан мөч юм билээ.
Гэргий нь онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаад одоо хүмүүнлэгийн ажил хийж байгаа. Хоёр хүүхэд хоёулаа санхүү эдийн засгийн салбарт ажилладаг.
Ер нь хүн гэр бүл, хамт олон цаашлаад бусдын төлөө байж чадвал ямар ч мөрөөдөл биелэдэг юм болов уу. Арван жилээ төгсөхдөө нисгэгч болно гэж мөрөөдөөд шүхэрчин болсон. Тэр дундаа шүхрээр төгс бууж сурахсан гэж хичээж түүнийхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөж Монгол Улсын шүхрийн спортын мастер цол хүртлээ. Монголын шүхрийн спортын нийгэмлэг, агаарын спортын холбоог тэргүүлж энэ чиглэлээр залуучуудыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж явна. Цэргийн хүний хувьд алтан мөрдэс зүүлээ. Ингэж харвал мөрөөдлөө биелүүлсэн гэж хэлж болно” гэв. Ер нь Д.Намсрай генерал дандаа элитийн эгнээнд явжээ. Ажлын гараагаа эхэлсэн ардын армийн 084 дүгээр анги бол дайсны гүнд шүхрээр буудаг зэвсэгт хүчний тусгай батальон. Дараа нь ЗХУ-ын Рязань хотын Агаарын десантын цэргийн дээд сургууль бол дэлхийд нэр хүндтэй, эгнээнээс нь 184 баатар төрүүлсэн элит сургууль. Мөн ажил, амьдралаа зориулж яваа онцгой байдлын ерөнхий газар бас л элит агентлагуудын нэг. Ийм л онцгой төөрөг, ховорхон хувь заяанд төрсөн алтан мөрдэстэй аврагч юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 183 (7427)
Сүрнээгийн УЯНГА