Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Эдгээр иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр хотын дарга Х.Нямбаатар тухайн байршилд ажиллалаа.
Тэрбээр “Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 207 дугаар байрны оршин суугчдын нөхцөл байдлыг шийдэх яаралтай үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Нийт 63 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, 63 өрх энд хохирсон гэж бүртгэлтэй байгаа учраас 207 дугаар байрыг нураахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг баримт болон гарын үсгийг цуглуулж, баталгаажуулж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, барилгыг буцаагаад өмнө нь байсан зургаар нь, бидний амьдарч байсан метр квадратаар шинээр барьж өгөөч гэсэн хүсэлтээ гарын үсгээр баталгаажуулаарай. Бичиг баримт бүрдмэгц бид яаралтай 207 дугаар байрыг нураах тендерийг зарлаж, ажлын 21 хоногт сонгон шалгаруулалт хийж, ажлыг цаг алдалгүй гүйцэтгүүлнэ. Тендерийн төсөвт өртөг 2.4 тэрбум төгрөг байна гэж Барилгын хөгжлийн төвөөс магадлагдсан байгаа. Хэрвээ нэг л айл нураахаас татгалзах юм бол бид тухайн хүний өмч хөрөнгийг нураах боломжгүй. Мэдээж таны орон сууц ипотекийн зээл, банкны барьцаанд байгаа тохиолдолд банктайгаа хамтарч тодорхойлолт гаргаж өгнө. Харин бид банканд энэ барилгыг 2025 он гэхэд шинээр босгож айлуудад хүлээлгэж өгөх албан бичгийг өгнө. Мөн энэ байрыг нураахдаа бусад эргэн тойрны барилгуудад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр байрны дээд хэсгээс эхлүүлээд давхар бүрээр нураах шийдлийг гаргаж, тендерийн баримт бичгийг боловсруулсан” гэдгийг хэллээ.
Тухайн 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөний улмаас хананы бетонд нүүрс хүчлийн хий үүсч, барилгын үндсэн хийцлэл алдагдаж, ан цав гарч, арматур зэвэрсэн. Мөн маш бага баллын газар хөдлөлтөд ч тэсвэргүй болсон гэсэн дүгнэлтийг эрдэмтэн, судлаачид удаа дараа хэлсэн байдаг. Мөн уулзалтын үеэр 207 дугаар байрыг нураах асуудалд оршин суугчдын төлөөллөөс санал хүсэлтээ илэрхийлж, бусад оршин суугчидаа мэдээлэл хүргэж, бичиг баримт бүрдүүлж, гарын үсэг цуглуулахаа хэллээ.