“CHINGGIS KHAAN’S CHALLENGE CUP-2017” олон улсын тогоочдын уралдаан, “MONGOLIAN CULINARY FESTIVAL-2017 үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2017.09.06/ боллоо. Фестивалийн үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ИЙН Дэд сайд Ж.Сауле үг хэллээ. Тэрээр "Монгол Улсын хоол үйлдвэрлэлийн салбар нь жилдээ 160 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, 7.6 мянган хоолны газарт 30 гаруй мянган ажиллагсдыг ам бүлдээ багтаасан өнөр айл болон хөгжиж байна. Энэ нь 3 сая гаруй хүн амтай улс орны хувьд тухайн салбарын ач холбогдлыг илтгэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэхүү зорилтын хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг олон улсын жишигт хөгжүүлэх, ханган нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, хэрэглэгчдэд аюулгүй, чанартай хоол, ундаагаар соёлтой үйлчилгээг хүргэх талаар олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна" гэдгийг онцлон хэлэв. “CHINGGIS KHAAN’S CHALLENGE CUP-2017” олон улсын тогоочдын уралдаанд
8 орны 150 гаруй тогооч оролцож байна.