Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Тогтоолын хүрээнд улаан буудайн нөөцийг хангалттай бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууны нөөцийг бүрдүүлж, тасалдал үүсгэхгүй байхад чиглэсэн бүх талын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг салбарын сайд нарт онцгойлон анхааруулав.
Мөн малын өвс, тэжээлийн нөөцийг бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, ургацын урьдчилсан балансыг төрөл тус бүрээр нарийвчлан гаргаж, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг бүрэн хангуулах, цас, зудын эрсдэлийн зураглалыг цаг агаарын урьдчилсан мэдээнд тулгуурлан бодитой тогтоож, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдан борлуулах, хөдөө аж ахуй гаралтай бүтээгдэхүүний үнийг хязгаарлах аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх, мах, махан бүтээгдэхүүн, байгалийн хадлан, тэжээл, бордоо нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүлэх, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчигээг шуурхай хүргэх, отор, нүүдлээр яваа малчдын хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд харьяалал харгалзахгүй хамруулах, дотуур байраар хангах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.
Товч мэдээ
· Улс төрийн намууд хооронд байгуулах “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг эцэслэн батлуулахаар бэлтгэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгав.
· Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсантай холбогдуулан Засгийн газрын Үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнүүдийг шинэчлэн баталлаа.