Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг өнөөдөр/2017.09.11/ Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.
Чуулганд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон ТББ, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермерүүд, малчид, тариалан эрхлэгчид, судлаачид, эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүний хувьд хүнсний аюулгүй байдлыг хангахад онцлон анхаарч өнөөдрийн чуулганыг санаачлан зохион байгуулж байгаа юм. 2010 онд шинэчлэгдсэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Аюулгүй байдлын чухал хэсэг бол хүнсний аюулгүй байдлын асуудал хэмээн тусгасан. Хүнсний салбарт олон жил шударга хөдөлмөрөөр явсан, 5, 10, 20 жил ажилласан компаниудад энэ салбартаа үнэнч байсных нь төлөө компанийн түүхээр нь банкууд зээл олгох ёстой гэж бодож байна. Хүнс бол өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр энэ салбартаа үнэнч ажилласан хүмүүсээс банк үндсэн хөрөнгө, бусад зүйл шаардах хэрэггүй гэж үзэж байна. Эндээс ийм дүгнэлт гараасай гэж бодож байна” гэдгийг онцлон тэмдэглэв.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Хүнсний аюулгүй байдлын 2016 оны статистик үзүүлэлтээр хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээний 70 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангасан дүнтэй байгаа хэдий ч ХАА-н салбарын үйлдвэрлэл байгаль, цаг уураас шууд хамааралтай, үүнээс улбаалан түүхий эдийн хангамж тогтвортой бус, чанар стандартын шаардлагад нийцэхгүй байх, гарал үүслийн баталгаажуулалтгүй, бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдээгүй зэрэг тулгамдсан асуудал байсаар байна. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хүн амын хэрэгцээнд албан бус худалдаагаар дамжин нийлүүлэгдэх явдал буурахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Иймд анхан шатны үйлдвэрлэлээс эхлэн чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ хэрэгжүүлэх, чанартай уялдсан үнэлгээний систем нэвтрүүлэх, малчид, тариаланчдын хүнсний аюулгүй байдлын талаарх ойлголт мэдлэгийг сайжруулах шаардлагатай байна” гэдгийг онцлов. Чуулганаар “Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, “Төрөөс хүнсний үйлдвэрлэлийн салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Монгол хүний эрүүл мэнд ба хүнсний аюулгүй байдал”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” зэрэг 20 гаруй сэдвүүдээр илтгэлүүд тавигдлаа. Чуулганаар яригдсан асуудал, санал хүсэлтийг зөвлөмж болгон хүргэх юм байна.