Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар сэргэж, мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг онцолж, идэвхтэй оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гүн талархал илэрхийллээ.
Тэрбээр “Ажил хийвэл амжилтад хүрч чадна” гэдгийг харуулж буй олон сайн жишээний нэг нь “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэн юм хэмээн онцолж, цаашид монголчууд зуу, зуун жилээр мод тарьж, эх орноо ногооруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу өнгөрсөн гурван жилд бүх бэлтгэл ажлаа хангасан бөгөөд ирэх жилээс их хэмжээгээр тарьж эхэлнэ.
Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж гурван жилийн өмнө мод тарихад тус талбай хоосон байсан юм. Өнгөрсөн хугацаанд 36 мянган мод тарьж ургуулаад байна.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энд 1.2 сая тарьц, суулгац үржүүлж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд нийлүүлж байна.
“Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчид мод тарилаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахаас гадна ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг доройтолд өртөн, хатаж хуурайших эрсдэлээс хамгаалж чадлаа.
Энэ онд ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 98 сумын 2.5 сая га талбайд хийж, 490.4 мянган га талбайд голомт үүсээд байгааг тогтоосон.
Өнгөрсөн жил 283 мянган га талбайг хортон шавжаас хамгаалсан бол энэ 341 мянган га талбайд хамарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг гаргасан юм.