Өвлийг угтаж давс, бодисынхоо нөөцийн 80 хувийг базаагаад байна

Улаанбаатар хот өвөлдөө бэлдэж, давс, бодисын нөөцийнхөө 80 хувийг базаагаад байна.

Нийслэлд өнгөрсөн онд 5500 тонн давс, 7000 тонн бодис хэрэглэжээ. Энэ хэмжээнд тохируулан давс, бодисын нөөцөө тооцож, одоогоор 5500 тонн давс, 4000 тонн бодис нөөцлөөд байна. Дараагийн шатны нөөцөө худалдан аваад тээвэрлэж байгаа аж. Давсны нөөцийг дотоодоосоо хангадаг аж. Бодисын нөөцийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс авах бөгөөд тухайн бодис нь экологид ээлтэй, зам талбай, байгууламжид идэмхий чанар багатай байх шаардлага тавьжээ.

Түүнчлэн УБЗАА-наас өнгөрсөн долоо хоногт өвлийн бэлтгэл хангах хүрээнд “Өвөлд бэлэн” үйл ажиллагаа зохиож байгуулахад зам талбайн 37 байгууллагын 1000 гаруй үйлчлэгч оролцсон байна. Энэ үеэр 300 гаруй машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангажээ.

Машин техникийн бэлэн байдал өнгөрсөн оныхтой харьцуулахад 30-40 хувь нэмэгдсэн нь хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийсэнтэй холбоотой аж. Мөн тус салбарын ажилчдын цалинг 1000 ам.доллар хүртэлх хэмжээгээр нэмсэн нь тогтвор, суурьшилтай ажиллах хүний нөөцийг бүрдүүлж, машин техник нийлүүлэх аж ахуйн нэгжийг тоог нэмснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.