Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 98.5 хувьтай байна

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл хэрэгжүүлжээ.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаныхан мэдээллээ. Тэгвэл Чингэлтэй өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангасан эхний дүүрэг болж байна. Тодруулбал, тус дүүрэг өнгөрсөн оны үлдэгдэл дээр нэмэлтээр 1500 тонн давс, 1500 тонн бодис, 500 метр.куб хайрга, дайрга нөөцөлжээ. Өвөл замын цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглах машин, техникийн хувьд давс бодис цацах камаз 11, цас үлээгч, давс цацагчтай зориулалтын машин хоёр, цас ачих зориулалтаар ковш хоёр,  грейдэр нэг, экскаватор хоёр, далангийн индүү нэг, хог тээвэрлэх шахдаг машин 18, жижиг самосвол 19, авто замын нуух шүүрдэх шүүрдэгч машин гурав, бусад техник 31 буюу нийт 90 техник хэрэгслийн бэлэн байдлыг хангасан байна. Мөн тохижилт үйлчилгээний ажилчдын хувцас, багаж хэрэгслийг бүрэн бэлтгэжээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 966.5 тонн давс, 362.5 тонн бодис, 174 метр.куб дайрга нөөцөлсөн байна. Тус дүүргийн зам цэвэрлэгээний нийт найман байгууллагад 34 тусгай зориулалтын автомашин, 48 тоног төхөөрөмжийг бэлтгэжээ.

Харин Сүхбаатар дүүргийн хувьд зам талбайн цэвэрлэгээний асуудал хариуцсан байгууллагуудад хяналт шалгалт хийж, давс, бодисын нөөцийг бүрдүүлсэн байна. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here