Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хандан албан бичиг хүргүүлжээ.
Тус яаманд “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2024 оны аравдугаар сарын 23-ны өдрийн А1230 дугаар захирамж батлагдсантай холбогдуулан Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо, Эко авто машин импортлогчдын холбооноос тус тус хүсэлт хүргүүлжээ.
Хүсэлтэд “Захирамж хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод оршин суух иргэдийн зүгээс шинээр машин худалдан авч өмчлөх эрх нь хязгаарлагдах, сар бүр машины дугаар авах дараалалд орох, дараалал олгох төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, дугаарын хууль бус худалдаа, авлига нэмэгдэх, машины худалдаа эрхэлдэг олон иргэд энэ зах зээлд чөлөөт өрсөлдөх боломж хомс болсноор чөлөөт зах зээл хумигдах, том хэдэн компаниудад давамгай байдал үүсгэх зэрэг олон сөрөг үр дагавар үүсэх нөхцөл бүрдсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлах төдийгүй иргэдийн эдийн засаг, нийгмийн /иргэд тээврийн хэрэгсэл шинээр өмчлөн, улсын дугаар авч бүртгүүлэх/ харилцаанд саад хориг учруулсан, авлига, хүнд суртал гарах нөхцөл бүрдүүлсэн, уг журамтай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийж санал авах ажил хийгээгүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх тул захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэхээс татгалзаж өгнө үү” гэсэн байна.
Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжийг хянаад Улаанбаатарын серитэй автомашины дугаар олгохыг хязгаарласан журмыг хүний эрх зөрчсөн, ялгараварлан гадуурхсан агуулгатай байна гэж ХЗДХ-ийн сайд үзсэн аж. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3 дахь хэсэгт заасан хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, уг шийдвэрийг шинэчлэн баталж, хянуулж бүртгүүлэхээр ирүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Хотын даргад хүргүүлэв.